Их Британи: Гладиаторууд арслантай тулалддаг байсныг нотлох баримт олджээ
Анд нөхдийн мэдээ
2025-04-25
Ирланд-Их Британийн хамтарсан судалгааны баг Эртний Ромын гладиатор буюу мэсчин боолын шарилаас арслангийн шүдний ором, ул мөр олсон байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ нь тухайн үеийн гладиатор болон амьтдын тулааны анхны биет баримт болж байгаа ажээ. Судалгааны багийн ахлагч Ирландын Майнут их сургуулийн профессор Тим Томпсон энэ олдворын талаар хэлэхдээ "Энэ нь Ромын үед харгис хэрцгий шинжтэй зугаа цэнгэлийн соёл үнэхээр байсныг нотолж байгаа бөгөөд энэ нь Ромын нутаг даяар түгээмэл байсныг харуулж байна" гэжээ. Арслангийн шүдний оромтой шарилыг II-III дугаар зууны үеийн сайтар хадгалагдан үлдсэн гладиаторуудын оршуулгын газруудын нэгнээс олсон бөгөөд энд идэр залуу насны 80 орчим гладиаторыг оршуулсан байв. Судалгааны багийнхан шарил дээр үлдсэн ул мөрийг гурван хэмжээст сканнерээр тодруулж, орчин үеийн амьтан судлалын сорьцыг ашиглан янз бүрийн амьтдын хазуулсан ул мөртэй харьцуулан үзэхэд түнхний яс болон бусад хэсэгт үлдсэн мөр нь арслан зэрэг муурын төрлийн амьтны шүдтэй таарчээ. Гладиатор нас барах үедээ 25-35 настай, хазуулсан шархны улмаас нас барсан гэж үзэж байна. Профессор Т.Томпсон “Өнөөг хүртэл Ромын гладиаторуудын арслан зэрэг зэрлэг араатнуудтай тулалддаг байсан талаарх бидний ойлголт зөвхөн түүхэн бичвэрүүд болон уран сайхны дүрслэлд тулгуурлаж ирсэн. Харин энэхүү нээлт нь ийм явдал үнэхээр байсныг гэрчлэх анхны биет нотолгоо болж, Ромын зугаа цэнгэлийн соёлын талаарх бидний ойлголтыг өөрчилж байна” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.