Монголын католик шашинтнууд гашуудав
Чихэнд чимэгтэй
2025-04-28
Ромын пап Францис энэ сарын 21-нд Улаан өндөгний баярын өдөр таалал төгссөн бөгөөд түүнийг 26-ны бямба гарагт оршуулсан юм. Монголын католик шашинтнууд Улаанбаатар дахь Гэгээн Петр, Полын цогчин дуганд өнгөрөгч лхагва гарагт цуглаж эмгэнэл илэрхийлэн, түүний Монголд хийсэн айлчлалын талаар дурссан тухай AFP агентлаг мэдээлсэн байна. Пап Францис 2023 оны есдүгээр сард Буддын шашин давамгай, 1400 гаруй католик шашинтантай Монгол улсад ирсэн нь түүхэн үйл явдал болсон билээ. Энэ талаар Монголд 15 жил болж байгаа 70 настай гэлэнмаа Салвиа “Гэгээн эцэгт хүн бүр чухал. Сүсэгтний тоо цөөн боловч Монголд айлчилсан нь тоо чухал биш гэдгийг харуулсан” гэжээ. Тухайн үед паптай уулзсан С.Билэгмаа “Яг л гэр бүлийн гишүүн, төрлийн хүнээ алдсан юм шиг санагдаж байна” хэмээн AFP агентлагт ярьсан байна. Папыг оршуулах ёслолд Монгол улсаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцсон бол Гандантэгчэнлин хийд эмгэнэл илэрхийлсэн юм. Францис Монголд айлчлахдаа эртнээс нааш бүх шашныг чөлөөтэй шүтэх эрхтэй байсан Монголыг дэлхий дахинаа зарлаж, Гандантэгчэнлин хийдээр айлчлан, шашин хоорондын найрсаг харилцааг эрхэмлэж буйгаа илэрхийлсэн бөгөөд хамба Д.Жавзандорж энэ оны нэгдүгээр сард Италид айлчлахдаа түүнтэй уулзсан юм. Монгол сүсэгтнүүд папын зургийг тахилын ширээн дээр тавьж урд нь лаа асаан, цэцэг өргөн гашууджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.