images

Нэгдсэн Вьетнам улс байгуулагдсаны 50 жилийн ой тохионо

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-04-28


   1955-1975 онд өрнөсөн Вьетнамын дайн дуусаж, нэгдсэн улс байгуулагдсаны 50 жилийн ой ирэх 30-ны өдөр тохионо. 1975 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Хойд Вьетнамын арми Өмнөд Вьетнамын нийслэл Сайгон (одоогийн Хо Ши Мин хот)-ыг хяналтандаа авч, Өмнөдын засгийн газар бууж өгснөөр, 20 жил үргэлжилсэн дайн зогсож нэгдсэн Вьетнам улс байгуулагдсан юм. 1980-аад оноос тус улс гадаадад нээлттэй бодлого баримталж, АНУ, Өмнөд Солонгос, Япон зэрэг оронтой найрсаг харилцаа тогтоон гадаадын хөрөнгө оруулалтыг ихээр татах замаар шинээр үйлдвэржсэн орон болж хөгжлийн гараагаа эхэлсэн билээ. Тиймээс Вьетнамын Засгийн газар удахгүй болох түүхт ойг ялалт, эв нэгдлийн агуулга бүхий үндэсний томоохон баяр болгон тэмдэглэхээр зэхэж байна.

АНУ, Вьетнамын харилцаа, Хойд-Өмнөд Вьетнамын дайны түүх

   Вьетнамын дайн нь Дэлхийн II дайны дараа тус улсын эзэрхийлэхийг санаархсан Франц улс болон Хо Ши Миний удирдсан Вьетнамын тусгаар тогтнолын хөдөлгөөний хоорондох сөргөлдөөнөөс үүдэлтэй юм. Франц 1954 онд Диен Биен Фугийн тулалдаанд ялагдсаныхаа дараа Вьетнамаас гарсан боловч хойд өргөрөгийн 17 дугаар шугамаар коммунист Хойд Вьетнам, барууны талыг баримтлагч Өмнөд Вьетнам гэж хоёр хуваагдсан билээ. АНУ коммунизмын тархалтаас сэргийлэхийн тулд Өмнөд Вьетнамыг дэмжиж, 1964 онд Тонкины булангийн хэрэг явдлаар дайнд шууд оролцож, хуурай замын томоохон арми илгээсэн байна. Гэсэн хэдий ч Америкийн цэрэг Хойд Вьетнамын арми болон Өмнөд Вьетнам дахь умардын талыг баримтлагч партизанууд болох Өмнөд Вьетнамын Үндэсний чөлөөлөх фронтын хооронд өрнөсөн партизаны дайны эсрэг тулалдах явцад талууд хүн хүчний ихээхэн хохирол амсжээ. Энэ дайнд мөн Өмнөд Солонгосын цэрэг оролцож, Америкийн талд тулалдаж байжээ. Эцэст нь Америкийн цэргүүд 1973 онд Вьетнамаас бүрмөсөн гарч, Хойд Вьетнам нь хоёр жилийн дотор Өмнөдийн армийг ялснаар дайн дууссан байна. Энэ дайны хөлд Хойд Вьетнамын 800 мянга гаруй цэрэг, Америкийн 58 мянган цэрэг, Өмнөд Вьетнамын 300 мянга гаруй цэрэг болон олон зуун мянган энгийн иргэд амь үрэгджээ.

Шинэчлэл, нээлттэй бодлого баримталж аж үйлдвэржсэн улс болов

   Дайн дууссанаар Вьетнам 1880-аад онд Францын колоничлол эхэлснээс хойш 90 орчим жилийн дараа анх удаа тусгаар тогтносон нэгдмэл улс болов. Гэсэн хэдий ч 1978 онд Камбож, 1979 онд Хятадтай хийсэн дайны уршгаар батлан ​​хамгаалах зардал, социалист төлөвлөгөөт эдийн засаг бүтэлгүйтэж, улс ороны байдал нэлээд доройтов. Харин 1986 оноос “Дой Мой” уриан дор шинэчлэлийн нээлттэй бодлого баримтлах болсны дүнд гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, 1990-ээд оноос хойш жил бүр 5-9 хувийн эдийн засгийн өсөлттэй, шинэ аж үйлдвэржсэн орон болж чадсан юм. 50 жилийн өмнө нэг хүнд ногдох ДНБ нь 100 доллараас бага, дэлхийн хамгийн буурай орны нэг байсан Вьетнам эдүгээ нэг хүнд ногдох ДНБ 4600 долларт хүрсэн дундаж орлоготой орон болжээ.

АНУ, Өмнөд Солонгостой эвсэн найрамдаж, иж бүрэн стратегийн түнш болов

   Дайн дууссанаас хойш 50 жилийн дараа Вьетнам, АНУ, Өмнөд Солонгос улс дайны өшөө хорсол, таагүй дурсамжийг ардаа орхиж, шинэ зууны шинэ түншүүд болжээ. Тус улс нээлттэй бодлого тунхаглан гадаадын бүх улс орон, тэр дундаа өндөр хөгжилтэй улс орнуудтай найрсаг харилцаатай байх бодлого баримталж, хуучны дайсан АНУ-тай ч хамтран ажиллах болсон байна. Хөрш зэргэлдээ Хятад улсын нөлөөг бууруулах, эдийн засгаа хөгжүүлэх зорилгоор дайн дууссанаас хойш 20 жилийн дараа буюу 1995 онд АНУ-тай дипломат харилцаа тогтоожээ. 2000 онд Билл Клинтон, 2006 онд Барак Обама тэргүүтэй АНУ-ын ерөнхийлөгчид Вьетнамд айлчлахдаа америк, вьетнамын ард түмний найрсаг харилцааг чухалчилж, урдын таагүй дурсамжийг түүх болгон үлдээж шинэ зууны шинэ харилцааг эрхэмлэх болсон юм. 2023 оны есдүгээр сард АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Вьетнамд хийсэн айлчлалыг тохиолдуулан хоёр талын харилцаагаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн байна. Мөн 1992 онд Өмнөд Солонгостой дипломат харилцаагаа сэргээжээ. Өмнөд Солонгосын олон компани Вьетнамын зах зээлд нэвтрэн амжилттай хамтран ажиллаж байна. Үүний дүнд Өмнөд Солонгос нь өнгөрсөн оны байдлаар Вьетнамд ойролцоогоор 87.4 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж, тус улс дахь хамгийн том гадаадын шууд хөрөнгө оруулагч болжээ. Улмаар 2022 онд Өмнөд Солонгос, Вьетнам хоёр улс дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойгоор иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон байна.

Энэ удаагийн баярын парадад 13 мянга орчим цэрэг, цагдаагийн албан хаагчид оролцоно

   Тус улс ирэх 30-ны өдөр Хо Ши Мин хотод 13 мянга орчим цэрэг, олон нийтийн аюулгүй байдлын ажилтнуудыг оролцуулсан өргөн хэмжээний парад зохион байгуулна. Мөн Вьетнамын Агаарын цэргийн хүчний Су-30МК2 сөнөөгч онгоц, Як-130 хөнгөн онгоц, Ми-8, Ми-17 нисдэг тэрэгнүүд үзүүлэх нислэг үйлдэнэ. Түүнчлэн Вьетнамын засгийн газрын урилгаар Хятад, Лаос, Камбожийн арми парадад оролцох бөгөөд Хо Ши Мин хотын 30 гаруй цэгт салют буудуулна. Хо Ши Мин хотын төвд 20 том дэлгэц суурилуулж, баярын үйл ажиллагааг зурагт болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулахаар төлөвлөж байна. Хо Ши Мин хотоос гадна Нийслэл Ханой хотод мөн баярын арга хэмжээ зохион байгуулна. Харин сүүлийн үед АНУ-тай тогтоосон харилцаанд гацаа үүсээд байна. Учир нь Дональд Трампын засаг захиргаа Вьетнамтой тогтоосон 50 жилийн удамжлалт харилцаанаас өөр бодлого баримтлах болжээ. Д.Трампын засаг Вьетнамд суугаа Элчин сайд Марк Кнаппер зэрэг дипломатууддаа удахгүй болох дайн дууссаны 50 жилийн ойн арга хэмжээнд оролцохгүй байхыг үүрэг болгосон гэх мэдээлэл байна. Түүнчлэн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID) татан буугдаж, гадаадын тусламжийг зогсоосны улмаас Вьетнамын дайнд нэрвэгдэгсдэд үзүүлэх тусламж, дэлбэрээгүй сум, мина зайлуулах зэрэг төслүүдийг зогсоосон байна. Вьетнамын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Фам Тху Хан "Дөрөвдүгээр сарын 30-ны өдөр тохиож буй хүндэтгэлийн арга хэмжээ нь энэрэн нигүүлсэл, энх тайван, эвлэрэл зэрэг мөнхийн үнэт зүйлд хүндэтгэл үзүүлж, улс орны гадаад харилцааны өнгөрсөн үеийг ардаа орхиж, ирээдүйн талаар эргэцүүлэн бодох томоохон боломж юм" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.