images

"Титаник"-ийн зорчигчийн бичсэн захидал 300 мянган паундын үнэ хүрэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-04-28


   "Титаник" хөлөг онгоцны сүйрлээс амьд үлдсэн АНУ-ын армийн хурандаа Арчибалд Грэйсигийн уг хөлгөөр зорчиж явах үедээ бичсэн захидлыг дуудлага худалдаанд оруулж, таамаглаж байснаас хавьгүй өндөр үнээр борлуулжээ. “The New York Times” сонины мэдээлснийг үзвэл, Их Британийн “Henry Aldridge & Son” компанийн зохион байгуулсан дуудлага худалдаагаар уг захидал 300 мянган паундын үнэ хүрсэн байна. Захидлыг 1912 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр буюу хөлөг онгоц Английн Саутхэмптон хотоос хөдөлсөн өдөр онгоцны С51 бүхээгт бичжээ. Нэгдүгээр зэрэглэлийн зорчигч А.Грэйси захидалдаа "Маш сайхан онгоц байна. Гэхдээ би аяллаа эсэн мэнд дуусгаж байж хөлгийн талаар дүгнэлт хийнэ" гэж бичсэн байна. Тэрбээр захидлаа цагаан одтой, гурвалжин хэлбэрийн улаан дарцаг, "Aboard the RMS Titanic" гэсэн хэвлэмэл дардас бүхий цаасан дээр гараар маш цэвэрхэн бичжээ. Захидлыг дөрөвдүгээр сарын 11-нд хөлөг онгоц Ирландын Квинстаун боомтод зогсоход шуудангаар илгээжээ. "Титаник" хөлөг үүнээс хоёр хоногийн дараа буюу 14-ний өдрийн шөнө дунд мөсөн уултай мөргөлдөж живсэн юм. Ослын улмаас 700 гаруй зорчигч, хөлгийн багийн 688 гишүүн амь үрэгдсэн билээ. Захидлыг нэрээ нууцалсан АНУ-ын иргэн худалдаж авсан байна. Зохион байгуулагчид уг захидлыг 60 мянган паундын үнэ хүрнэ гэж тооцоолж байсан ч тав дахин өндөр үнээр буюу 300 мянган паундаар борлуулжээ.

   “West Point” цэргийн академийн төгсөгч, хурандаа А.Грэйси "Титаник" хөлөг онгоц живэхэд азаар амьд үлдсэн юм. Тэрбээр хөлөг живэх үед хашлаганаас зуурч үлдээд, улмаар ойрхон байсан завин дээр авиран гарч мөстэй хүйтэн усан дотор олон цаг тэсвэрлэн хүлээсний эцэст аврагдсан байна. Хурандаа энэ тухай дурсахдаа "Миний амьдралын хамгийн урт, хамгийн аймшигтай үе байсан" гэжээ. Тэрбээр тун удалгүй "Титаникийн тухай үнэн" нэртэй ном бичсэн боловч ослоос хойш найман сарын дараа буюу 1912 оны 12 дугаар сард 54 настайдаа чихрийн шижин өвчний улмаас өөд болсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.