Ким Кардашянд халдсан хэргийг Францад шүүж байна
Анд нөхдийн мэдээ
2025-05-01
Одоогоос есөн жилийн өмнө АНУ-ын медиа од, бизнесмэн Ким Кардашяны гэрт хулгай орж, өөрөө мөн халдлагад өртсөн хэргийн шүүх хурал Францын Парис хотод болж байна. “Associated Press“ агентлагийн мэдээлснээр, энэ хэргийн 10 сэжигтний нэг, эдүгээ 71 настай Юнис Аббас гэх этгээд бүх хэргээ хүлээн зөвшөөрч, "Би чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна" гэжээ. Бельги улсад банк дээрэмдсэн зэрэг хэд хэдэн эрүүгийн хэрэгт ял шийтгүүлж байсан тэрбээр хүүхдүүдээ тэжээхийн тулд ийм зүйл хийснээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд тангарагтны шүүгчдэд "Би баригдсандаа биш, харин К.Кардашяныг айлгасандаа харамсаж байна" гэсэн байна. Энэ хэрэг 2016 онд гарсан бөгөөд сэжигтнүүд К.Кардашяны Парис дахь гэрт нэвтэрч, түүнд буу тулган сүйн бөгж зэрэг үнэт зүйлсийг нь дээрэмдэн зугтсан юм. Хулгайлагдсан эд зүйлсийн нийт үнийг 10 сая доллар хэмээн тооцоолж байв. Энэ хэрэгт 12 хүн холбогдож, нэг нь нас барж, нэг хүн нь Альцхаймерийн өвчтэй болсон тул яллах боломжгүй гэж дүгнэжээ. К.Кардашян энэ сарын 13-нд шүүх хуралд ирж, мэдүүлэг өгөх ёстой бөгөөд энэ сарын 23-нд шүүхийн шийдвэр гарах төлөвтэй байна. Уг үйл явдлын талаар тэрбээр "Хоёр хүн унтлагын өрөөнд минь орж ирээд буу тулгаж, бөгжийг минь нэхсэн. Тэд миний үнэт эдлэл, тэр дундаа олон сая долларын сүйн бөгжийг авч, миний гарыг скочоор хүлсэн" хэмээн мэдүүлж байсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.