Сталинград нэрийг сэргээх тухайд В.Путин юу гэж хэлэв?
Анд нөхдийн мэдээ
2025-05-01
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Москва хотод өнөөдөр болсон олон нийтийн арга хэмжээн дээр үг хэлэх үеэр нэгэн иргэн Волгоград хотыг Сталинград хэмээн нэрлэх санаачилга гарсныг юу гэж үзэж байгааг нь сонирхон асуужээ. В.Путин энэ санаачилгыг нааштайгаар хүлээж авснаа хэлсэн бөгөөд ямар боловч эцсийн шийдвэрийг хотын иргэд гаргах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Хотын нэрийг ийн солихыг зөвтгөх үндэслэл байгаа гэдгийг тэрбээр мөн тэмдэглэжээ. “Нэрийг ингэж солиход болохгүй юм огт үгүй, үүнийг зөвтгөх шалтгаан бүрэн бий. Үзэл суртлын шалтгаан чухал биш, харин Эх орны дайны ялалтын агуулгаар өөрчлөхөд буруудаад байх зүйлгүй. Гэхдээ эцсийн шийдвэрийг иргэд л гаргана” хэмээн тэрбээр хэлсэн байна. 2023 онд Волгоград хотын иргэдээс энэ талаар санал асуухад уг санаачилгыг ихэнх нь “утгагүй” хэмээн үзэж эсрэг санал өгсөн бөгөөд энэ байр сууриа “Өнгөрснөөрөө амьдармааргүй байна” гэхчлэн тайлбарласан юм. Харин Волгоградын нисэх онгоцны буудлыг тус хотын ахмад дайчид Сталинград хэмээн нэрлэх санал гаргасныг В.Путин дэмжсэнээр уг буудал 2023 онд ийм нэртэй болсон билээ. Энэ нэрийг “баатарлаг, эрэлхэг, жинхэнэ нэр” хэмээн үзсэнээ ахмад дайчид уг саналдаа онцлон тэмдэглэж байв. Оросын баруун өмнөд нутгийн Царицын хотыг 1925 онд Зөвлөлтийн удирдагч Иосиф Сталины нэрээр Сталинград хэмээн өөрчилсөн бол 1961 онд Волга буюу Ижил мөрний нэрээр Волгоград болгосон юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.