Монголд бөхөнгийн тоо толгой эрс өсч 23 мянга болжээ
Чихэнд чимэгтэй
2025-05-05
Монгол улсын “Улаан ном”-ын “Нэн ховор” ангилалд бүртгэлтэй бөхөнгийн тоо толгой дорвитой өсч хамгийн сүүлийн буюу 2024 оны эцсийн тооллогоор 23215 болсныг Дэлхийн байгаль хамгаалах сангийн (WWF) Монгол дахь хөтөлбөрийн газар өнгөрсөн долоо хоногт албан ёсоор мэдээллээ. Тугалмайтны овгийн бөхөнгийн төрлийн татаар бөхөн хэмээх зүйл нь соргог бөхөн, монгол бөхөн хэмээх хоёр дэд зүйлтэй бөгөөд үүний монгол бөхөн нь зөвхөн манай улсын нутагт байдаг. Эрс тэс цаг агаар, ус ховор, сийрэг ургамалтай Монголын говийн хүнд орчин нөхцөлөөс гадна хууль бус агнуур, халдварт өвчний улмаас монгол бөхөнгийн тоо толгой ихээр ховордсон бөгөөд 1981 оны судалгаагаар мянга гаруйхан бөхөн зөвхөн Шаргын говьд үлдсэн түүх бий. Мөхлийн ирмэгт ойртсон энэ амьтан 1994 оны тооллогоор 1600, 1997 онд 860 болж байв. Харин 2000 он гэхэд энэ тоо өсч 5200-д хүрсэн хэдий ч 2003 оны их зудны улмаас 750 болон хорогджээ. Харин үүнээс хойшх 10 жилд нэлээд өсч 2013 онд 14 мянгад хүрсэн боловч 2013 онд мялзан өвчин тархаснаас 3300 болж буурсан байна. Дэлхийн байгаль хамгаалах сан, донор байгууллагууд бөхөнг хамгаалах талаар сүүлийн 30 гаруй жилд тасралтгүй цогц арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд сүүлийн жилүүдэд тоо толгой нь тогтмол өсч иржээ. 2021 онд Монгол улсын бөхөнгийн тоо 10 мянгыг давсан бол 2022 онд 13925, 2023 онд 15540 толгой тоологдсон байна. Харин 2024 онд буюу хамгийн сүүлд хийсэн судалгаагаар 23215 болжээ. Үүнд, тархац нутгийн хойд хязгаар Айраг, Хяргас нуурын хотгорт бөхөн эргэн ирсэн бөгөөд эндэх нутагт өнөөдрийн байдлаар 906 толгой бөхөн байгааг Дэлхийн байгаль хамгаалах сан мэдээлсэн байна. Тус сангийн санхүүжилтээр “Монгол бөхөн түүхэн тархац нутагтаа эргэн ирсэн нь” баримтат кино бүтээжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.