Дональд Трампын төрсөн өдрөөр цэргийн томоохон парад болно
Анд нөхдийн мэдээ
2025-05-05
Ирэх зургаадугаар сарын 14-ний өдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын 79 насны төрсөн өдөр болон Америкийн арми байгуулагдсаны 250 жилийн ойг хамтатган томоохон хэмжээний цэргийн парад хийх гэж байгаа талаар “Associated Press” агентлаг мэдээлэв. Өнгөрсөн сарын 30-ны өдөр боловсруулсан дотоодын цэргийн баримт бичигт энэхүү арга хэмжээний талаар тодорхой тусгасныг тус агентлаг онцолсон байна. Хэдийгээр Цагаан ордон энэ талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй ч тус улсын томоохон хэвлэлүүд энэ талаар мэдээлсээр байгаа юм. Вашингтон хотын дарга Муриэль Баузер Засгийн газраас 6 дугаар сарын 14-нд цэргийн парад зохион байгуулах хүсэлт ирүүлснийг хүлээн зөвшөөрч, уг парад Виржиниа мужийн Арлингтон хотоос эхэлж Потомак голыг гатлан Вашингтон хүрэх маршруттай байгааг мэдээлэх үеэрээ “Парадын үеэр олон танк дайчилбал эвдэрсэн замуудыг засахад олон сая доллар зарцуулагдах болно" гэсэн байна. Шинээр гаргасан төлөвлөгөө ёсоор бол армийн 11 корпус, 6600 цэрэг, 150 орчим техник хэрэгсэл, 50 нисдэг тэрэг, долоон цэргийн оркестрыг парадад дайчлахаар болжээ. Өмнө нь буюу 2018 онд Д.Трамп томоохон хэмжээний цэргийн парад зохион байгуулахаар оролдсон ч төсөв нь 92 сая доллар хүрч, эсэргүүцэлтэй тулгарсны улмаас төлөвлөгөөг цуцалж байсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.