"The MongolZ"-ын тамирчид багийн хууччуултайгаа тогложээ
Чихэнд чимэгтэй
2025-05-05
Дэлхийн чансааны гуравт эрэмбэлэгдэж буй цахим спортын "The MongolZ" багийн одоогийн бүрэлдэхүүн, 2016 онд энэ багт байсан Л.Энхтайван, М.Цог, Г.Отгонжаргал, Б.Болд, Б.Эрдэнэдалай нартай үзүүлэх тоглолт хийлээ. Тэд өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотноо болж өндөрлөсөн "Nomadic Masters-2025" хаврын тэмцээний үеэр тоглосон бөгөөд одоогийн бүрэлдэхүүн илүүрхжээ. Анх 2014 онд "Dota-2" тоглоомын төрөл дээр байгуулагдсан "The MongolZ" тухайн үедээ дотоодын шилдэг багийн нэг болж 2015 онд өөрсдийн "Counter-Strike" бүрэлдэхүүнийг бий болгосон түүхтэй. Улмаар 2016 онд Тайваньд болсон "IEM Taipei-2016" тэмцээний аварга болж, Азидаа нэгдүгээрт жагссан байна. 2016 оноос хойш "The MongolZ" баг олон улсад дахин томоохон амжилт гаргаагүй бөгөөд АНУ-д болсон "IEM Oakland-2017" тэмцээнд бүсээсээ шалгарч оролцсон удаатай. 2018 онд багийн тухайн үеийн бүрэлдэхүүн "Storm Rider" баг руу шилжсэнээр таржээ. Үүнээс хойш хуучин тоглогчид нь 2019, 2022 онд багийнхаа нэрээр хэд хэдэн удаа бүрэлдэхүүн босгож тоглосон боловч тийм ч сайн амжилт олоогүй юм. Тэгвэл багийн одоогийн бүрэлдэхүүн 2023 онд бий болсон бөгөөд өнөөдөр энэ багт Б.Гарьдмагнай, М.Содбаяр, Б.Өсөхбаяр, Б.Аюуш, М.Азбаяр нар багтаж байна. Харин дасгалжуулагчаар багийн анхны гишүүн Б.Эрдэнэдалай ажиллаж байгаа юм. Энэ баг сүүлийн жилүүдэд "Мэйжор"-т гурван удаа, 2024 оны “PGL Major Copenhagen” тэмцээний хасагдах шатанд, Шанхайн "Мэйжор"-ын плей-оффын шатанд тус тус шалгарч түүхэн амжилт үзүүлсэн билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.