Байлдагч Гитлерийн дурсгалыг мөнхжүүлэв
Анд нөхдийн мэдээ
2025-05-09
Дэлхийн II дайны үед Одесса, Севастополь хотуудыг хамгаалах тулалдаанд онцгой гавьяа байгуулсан Улаан армийн байлдагч Семён Константинович Гитлерийн алдрыг мөнхөлсөн дурсгалын самбарыг Молдавын Тирасполь хотын гудамжинд өнөөдөр байрлууллаа. Оросын “Известия” сонины мэдээлснээр, С.Гитлер Одессийн дэргэдэх тулалдаанд бүслэлтэд орсон салааг галаар дэмжихийн тулд дайсантай ганцаараа найм хоног байлджээ. Тасгийн пулемётын чиглүүлэгч байсан тэрбээр Эх орны дайны II зэргийн одон, бусад медалиудаар шагнагдсан байна. Улмаар 1942 оны зургаадугаар сард Севастополийн төлөө тулалдаанд оролцож байгаад 20 настайдаа амь үрэгдсэн гэнэ. Еврей гаралтай С.Гитлер Украины Подольск мужид 1922 онд төрсөн бөгөөд 1940 онд цэрэгт татагджээ. Нийтэд түгсэн яриагаар, Украин Германд эзлэгдсэн байх тэр үед нацистууд С.Гитлерийн ар гэрийнхнийг хорих лагерьт явуулахаар бичиг баримтыг нь үзтэл фюрертэй ижил овогтой байсан тул хорьж чадаагүй гэнэ. “Известия” сонинд бичсэнээр, түүнийг амь үрэгдсэний дараа нэхэн шагналд тодорхойлохдоо нэрийг нь Гитлёв болгон өөрчилсөн байна. Тиймээс Тирасполь хотод байрлуулсан дурсгалын самбарт “Байлдагч С.Гитлер-Гитлёв” хэмээн бичжээ.
Гэрэл зургийн эх сурвалж: www.novostipmr.com
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.