Энэтхэг, Пакистан хоёр улс гал зогсоох тохиролцоонд хүрэв
Анд нөхдийн мэдээ
2025-05-12
Энэтхэг, Пакистан хоёр улсын хооронд зэвсэгт мөргөлдөөн үүссэнээс хойш гурав хоногийн дараа АНУ-ын зуучлалаар гал зогсоох тохиролцоонд хүрлээ. Өнгөрсөн сарын 22-ны өдөр Кашмирын бүсийн Энэтхэгийн эзэмшилд байдаг нутагт зэвсэгт халдлага гарснаас үүдэн хоёр улс сөргөлдөж эхэлсэн юм. Улмаар зэвсэгт мөргөлдөөн болтлоо дамжирсан хурцадмал байдал АНУ-ын зуучлалаар намжиж ийнхүү гал зогсоолоо. АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп энэ талаар цахим сүлжээнд мэдээлэхдээ "Асар том гамшиг, үхэл, сүйрэлд хүргэж болзошгүй мөргөлдөөнийг мэргэн ухаан, эр зоригийн хүчээр зогсоолоо” гээд "АНУ энэхүү түүхэн, баатарлаг шийдвэрийг гаргахад оролцсоноороо бахархаж байна" гэжээ. Харин Энэтхэг, Пакистан хоёр улс АНУ-ын зуучлагчийн үүргийг өөр өөрөөр үнэлж байна. Пакистан нь АНУ-ыг чухал үүрэг гүйцэтгэсэнд талархаж байгаагаа илэрхийлж байгаа бол Энэтхэгийн тал гал зогсооход зуучлах АНУ-ын үүргийг бууруулж, хоёр орны шууд хэлэлцээгээр тохиролцсон гэж мэдэгджээ. Гал зогсоосон явдлыг Энэтхэг өөрийн армийн ялалт гэж тодорхойлоод, Пакистаны тал гал зогсоохоос өөр аргагүй хүнд байдалд орсон гэжээ. Харин Пакистаны тал энэ удаагийн мөргөлдөөнд улсынхаа армийг ялалт байгуулсан хэмээн тайлбарлаж "Пакистан улс Энэтхэгийн довтолгоог амжилттай няцааж, цэрэг, дипломатын томоохон ялалтад хүрлээ" гэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.