images

Уругвай: Дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгч өөд болов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-05-14


   Бүрэн эрхийнхээ хугацаанд (2010-2015) дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгч гэгддэг байсан Уругвай улсын төрийн тэгүүн асан Хосе Мухика 89 насандаа таалал төгсөв. Энэ тухай тус улсын ерөнхийлөгч Ямандо Орси X (хуучин Твиттер) хуудсаараа дамжуулан мэдээлээд "Миний дотнын нөхөр Хосе Мухика эгэл зан чанараараа нийгэмд үлгэр дуурайлал болсон онцгой эрхэм хүн байсан” гэжээ. Х.Мухика өнгөрсөн оны дөрөвдүгээр сард улаан хоолойн хорт хавдартай гэж оношлогдсон бөгөөд хавдрын эсүүд элгэнд нь үсэрхийлсэн тул өнгөрсөн нэгдүгээр сард химийн эмчилгээгээ зогсоогоод байсан юм. Дараа нь тэрбээр эхнэрийнхээ хамт хотын захын жижигхэн байшинд амьдарч, хааяа хүн хүлээж авч уулздаг байжээ.

   "Пепе" хочоороо алдаршсан Хосе Мухика 1935 оны тавдугаар сарын 20-нд Уругвайн нийслэл Монтевидео хотод төржээ. Тэрбээр 1960-1970-аад онд цэргийн засаглалын эсрэг партизаны бүлэглэлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоныхоо төлөө 15 жил шоронд хоригдож суллагдаад улс төрд хөл тавьсан юм. Улмаар зүүний үзэл баримтлалтай “Ардын оролцоо” хөдөлгөөнийг тэргүүлэн улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, парламентын гишүүн, Мал аж ахуй, ой, загас агнуурын сайдын албыг хашиж байсан бөгөөд 2009 оны сонгуулиар ерөнхийлөгчөөр сонгогдож таван жил улс орноо удирджээ. Түүнийг Уругвай улсын эдийн засгийн хөгжил, ядуурлыг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяатай гэж үздэг. Тэрбээр орлогынхоо 90 хувийг ядууралтай тэмцэх үйлсэд хандивладаг, 1987 онд үйлдвэрлэсэн цэнхэр өнгийн "Volkswagen Beetle" маркийн машин унадаг байв. Маш хэмнэлттэй, эгэл даруухан амьдардгаараа тэрбээр "Дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгч" гэгддэг байсан юм. Мөн ерөнхийлөгчийн өргөөнд суудаггүй, хуучин жижиг байшингаасаа ажилдаа ирж очдог байжээ. Ерөнхийлөгчийн албанаас буусныхаа дараа парламентад сонгогдон ажиллаж байгаад 2020 онд өөрийн хүсэлтээр огцорч улс төрийг орхисон түүхтэй.

   Хосе Мухика нь ертөнцийг үзэх үзэл, улс төрийн үзэл баримтлалаа яруу найргийн өвөрмөц хэллэгээр уран яруу илэрхийлж, олны сэтгэлийг хөдөлгөж чаддаг нэгэн байжээ. “Амьдралд үнийн шошго байдаггүй болохоор би ядуу биш”, “Эрх мэдэл хүнийг өөрчилдөггүй, харин хэн байсан бэ гэдгийг нь илчилдэг”, “Цорын ганц эрүүл донтолт бол хайр дурлалын донтолт”, “Дайчин баатар ч амрах эрхтэй” гэх мэт үгүүд нь уругвайчуудын зүрх сэтгэлд тод үлджээ. Тэрбээр хамгийн сүүлд "Над шиг сэтгэдэг хүмүүсийг хүндлэхэд амархан. Харин ардчиллын үндэс нь надаас өөрөөр сэтгэдэг хүмүүсийг хүндэтгэх явдал гэдгийг бид ойлгох ёстой" хэмээн хэлсэн нь Уругвайн эрх баригч болон сөрөг хүчний аль алинаас нь талархал хүлээсэн юм. Колумбын ерөнхийлөгч Густаво Петро, ​​Бразилийн ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва нар болон олон улсын хамтын нийгэмлэг талийгаачийн дурсгалыг хүндэтгэн эмгэнэл илэрхийлсэн захидал илгээсэн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.