Хамба Д.Жавзандорж Ромын шинэ Папад мэндчилгээ дэвшүүлжээ
Чихэнд чимэгтэй
2025-05-15
Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба Д.Жавзандорж саяхан шинээр сонгогдсон Ромын Пап, дэлхийн католик шашинтны тэргүүн XIV Леод мэндчилгээ дэвшүүлжээ. Гандантэгчэнлин хийдийн ажлын албаны мэдээлснээр, хамба Д.Жавзандорж мэндчилгээндээ “Монголын Бурханы шашинтны Төв болон хувиасаа таныг Гэгээн ширээт улсын Тэргүүн, Ромын католик шашны Тэргүүнээр сонгогдсонд чин сэтгэлийн халуун баяр хүргэн мэндчилж байна. Гэгээн ширээт улсын зүгээс шашин хоорондын харилцан ойлголцол, ёс суртахууны үнэт зүйлс, хүн төрөлхтний эв нэгдлийг дэмждэгт Бурханы шашны лам хуврагууд бид чин сэтгэлээсээ талархдаг билээ. Таны үйл хэрэг даян дэлхийг амар амгаланд хөтөлж, хүн төрөлхтөнд асрал энэрлийн сэтгэлийг түгээх болтугай!” хэмээжээ. Хамба Д.Жавзандорж өнгөрөгч нэгдүгээр сард Итали улсад айлчлах үеэрээ Ватиканд зочилж өмнөх Пап Францист бараалхаж байсан юм. Бараалхах үеэр Пап Францис монголчууд 1990-ээд оноос уламжлалт шашнаа сэргээн, улс орноо ардчиллын замаар хөгжүүлж буйг онцлоод шударга ёс, иргэдийн оролцоог баталгаажуулсан нийгмийг бүтээхэд шашны гүйцэтгэх үүргийг чухалчлан тэмдэглэж байв. Пап Францис 2023 оны есдүгээр сард Монголд айлчилсан билээ.
Зураг дээр: Хамба Д.Жавзандорж Ромын Папад бараалхах үеэр. Ватикан. 2025.01.15
Гэрэл зургийн эх сурвалж: "Vatican news"
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.