Балба: Эверэстэд авирах хураамж дээд тал нь 15 мянган доллар болов
Анд нөхдийн мэдээ
2025-05-16
Балбын Засгийн газар Эверэстэд авирах гадаадын уулчдаас авах хураамжийг есдүгээр сараас эхлэн нэлээд нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ. ВВС агентлагийн мэдээлснээр, Эверэстэд нэвтрэх хураамж одоогийнхоосоо 36 хувиар нэмэгдэх ажээ. Шинэчлэгдсэн тарифын дагуу гуравдугаар сараас тавдугаар сар хүртэл буюу оргил ачааллын улиралд нэг уулчнаас 15 мянган доллар, есдүгээр сараас 11 дүгээр сар хүртэл 7500 доллар, бусад хугацаанд 3750 доллар авахаар тусгажээ. Эверэстийг оролцуулан Хималайн нуруунд нэвтрэх хураамж нь Балбын аялал жуулчлалын орлогын гол эх үүсвэр юм. 1953 онд анх хүн гарснаас хойш Эверэст нь дэлхийн уулчдын хамгийн гол сорилт байсаар ирсэн бөгөөд орчин үед техник хэрэгсэл улам боловсронгуй болохын хэрээр жирийн хүмүүс хүртэл авирах боломжтой болжээ. Харин сүүлийн үед аялагчдын тоо хурдацтай нэмэгдэхийн хэрээр хүчилтөрөгчийн сав, майхан, төрөл бүрийн ахуйн хог хаягдал зэргээс үүдэн байгаль орчны бохирдол нүүрлэх болсон байна. Тиймээс Балбын Засгийн газар 2019 оноос эхлэн Эверэстийг жил бүр цэвэрлэдэг болсон бөгөөд үүний үр дүнд буюу нийт тавь гаруй удаагийн цэвэрлэгээний явцад 119 тонн хог, 14 цогцос цуглуулсан байна. Тус оргилд 18 удаа авирсан Их Британийн уулчин Кентон Кул төлбөр нэмэгдсэнийг гайхах зүйл биш гэжээ. Балбын Дээд шүүх өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Засгийн газартаа хандан, Эверэст болон бусад оргилд гарах зөвшөөрлийн тоог хязгаарлахыг даалгаж, уулын өөрийн хүчин чадлыг харгалзан үзэх ёстойг анхааруулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.