Фрэдди Меркьюригийн нууц охин 48 жилийн дараа гарч ирэв
Анд нөхдийн мэдээ
2025-05-26
Домогт "Queen" хамтлагийн гоцлол дуучин агсан Фрэдди Меркьюри найзынхаа эхнэртэй үерхэж байсан төдийгүй дундаасаа охинтой байжээ. Их Британийн “The Guardian” сонины мэдээлснээр, зохиолч Лесли-Энн Жонс алдарт дуучны тухай бичсэн "Love, Freddie" номдоо энэ тухай өгүүлсэн байна. Удахгүй хэвлэгдэх энэ номд бичсэнээр, Ф.Меркьюри 1976 онд найзынхаа эхнэртэй амрагийн харилцаатай байсан бөгөөд охин төрснийг өнөөг хүртэл нууцалж иржээ. Энэ тухай зөвхөн Ф.Меркьюригийн эцэг, эх, эгч, хамтлагийн гишүүд мэддэг байсан гэнэ. Мөн охины ээжийн нөхөр үүнийг мэддэг төдийгүй Ф.Меркьюритэй үхэн үхтэл нь хэвийн харилцаатай байсан хэмээн уг номд бичжээ. Л.Жонс үүнийг гурван жилийн өмнө олж мэдсэн бөгөөд Ф.Меркьюригийн охин гэх эмэгтэй түүнтэй ирж уулзсан байна. Өдгөө 48 настай, нэрээ нууцалсан уг эмэгтэй Европын нэгэн эмнэлэгт ажилладаг ажээ. Бүсгүйн хэлснээр алдарт дуучин охинтойгоо ойр дотно харилцаатай байсан төдийгүй нас барахынхаа өмнө өөрийн гараар бичсэн 17 дэвтэр өдрийн тэмдэглэлээ өгч хадгалуулсан байна. Бүсгүй "Аав минь надад маш их хайртай байсан. Хэдийгээр би хууль ёсны охин нь биш боловч аавын минь надад үзүүлдэг байсан чин хайрыг хэн ч үгүйсгэж чадахгүй" гэжээ. Улмаар олон жилийн турш худал хуурмаг үг яриа, элдэв хов жив гарах болсон тул аавынхаа тэмдэглэлийг хүмүүст хүргэж үнэнийг хэлэх цаг болсон гэж үзээд хэн нэгний албадлагагүйгээр өөрийгөө илчилж буйгаа хэлсэн байна. Ф.Меркьюри 1991 онд 45 настайдаа ДОХ-оор өвчилсөн байхдаа уушгины хатгалгаа өвчнөөр өөд болсон юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.