Харвардын их сургуулийн багш, оюутнууд Д.Трампыг эсэргүүцэн цуглав
Анд нөхдийн мэдээ
2025-05-29
Холбооны засгийн газрын байгуулсан гэрээг цуцлах, гадаад оюутан элсүүлэхийг зогсоох зэргээр Дональд Трампын захиргааны зүгээс элдэв дарамт үзэх болсон Харвардын их сургуулийн 3000 орчим багш, оюутан өчигдөр эсэргүүцлийн цуглаан зохион байгуулав. Өнөөдрийн төрийн бодлогыг шүүмжилж, эв нэгдлээ бэхжүүлэх зорилгоор тус сургуулийн төгсөгчдийн “The Crimson Courage” бүлгэмийн зохион байгуулсан цуглаанд 5000 гаруй хүн оролцохоор бүртгүүлжээ. Шүүмжлэлд өртөөд буй асуудлаа засаж залруулах ёстой гэдгийг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ Засгийн газрын хөндлөнгийн оролцоонд тодорхой хариу өгөх хэрэгтэй гэдгийг цуглаанд оролцогчид онцолсон байна. Коннектикут мужийн дэд захирагч асан Майлз Рапопорт "Харвард өндөг шиг өөгүй газар биш гэдгийг бид мэднэ. Гэхдээ эрдэм боловсрол, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг эрхэмлэдэг боловсролын байгууллагын үйл ажиллагаанд Засгийн газар хөндлөнгөөс оролцох нь зохимжгүй” гэжээ. Мөн Харвардын их сургууль гадаад оюутан хүлээж авахаа боливол орон нутгийн эдийн засагт хүндрэл учирна гэдгийг Массачусетс мужийн амбан захирагч Маура Хили дурдаад “Харвард бол мужийнхаа дөрөв дэх том ажил олгогч бөгөөд эдийн засагт зургаан тэрбум доллар илүү хувь нэмэр оруулдаг. Ерөнхийлөгч Д.Трамп Харвард руу довтолж байгаа нь АНУ-ын эдийн засагт халдаж буй явдал юм" хэмээн шүүмжилсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.