images

Сүн Ятсений ач охин 103 насандаа өөд болжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-06-02


   Хятадын үндэсний эцэг гэгддэг Сүн Ятсений (1866-1925) ууган ач охин Сүн Сүйин 103 насандаа АНУ-д таалал төгссөн байна. Энэ тухай тус улсын хэвлэлүүд ихэд оройтож мэдээлсэн бөгөөд хатагтай Сүн энэ оны гуравдугаар сарын 24-ний өдөр таалал төгсөж, гэр бүлийнхэн нь өнгөрсөн сард АНУ-ын Калифорниа мужид дурсгалын арга хэмжээ зохион байгуулсан байна. 1922 оны нэгдүгээр сарын 16-нд Гуанжоу хотод төрсөн Сун Сүйин 1941 онд АНУ-д очиж суралцсан бөгөөд Массачусетс мужийн Уэллесли коллежийг төгсжээ. Улмаар Нью-Йорк хотод НҮБ-ын төв байр байгуулагдахад тэрбээр НҮБ-д суух Хятадын төлөөлөгчдийн нарийн бичгийн даргаар ажилласан байна. Хятадын мандарин, кантон, шанхай аялга, тэрчлэн англи хэлээр чөлөөтэй ярьдаг тэрбээр Америкт англи хэлний багшаар ажиллаж байсан аж. Түүний дүү Сүн Сүйхуа мөн Америкт суурьшиж олон жил амьдарсан бөгөөд Гуандун мужийн Жуншань хотод өөрийн болон эгчийнхээ бичиг баримт зэрэг хувийн эд зүйлийг хандивлажээ. Эгч дүү хоёр гадаадад олон жил амьдарсан ч 2016 онд Жуншань хотын захиргаа тэднийг хүндэт иргэнээр өргөмжилсөн байна. Талийгаач нь Сүн Ятсений анхны эхнэр Лү Мүжениэс төрсөн хүү Сүн Кэгийн ууган охин байсан ч өвөг эцгийнхээ сүүлчийн эхнэр, улс төрч Сүн Чинлинтэй онцгой дотно харилцаатай байсан гэнэ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.