images

Хэлмэгдэж явсан армийн офицерийг нэхэн шагнана

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-06-04


   XIX зуунд Германы тагнуул гэгдэн хилс хэргээр шоронд хоригдож байсан Францын еврей гаралтай офицер Альфред Дрейфусийг нэхэн шагнахаар болов. “Le Figaro” сонины мэдээлснээр, түүнийг бригадын генерал цолоор нэхэн шагнах тухай хуулийн төслийг Францын Төлөөлөгчдийн танхим баталсан байна. Энэ нь Европ даяар тархсан еврейн эсрэг үзлийн золиос болсон түүний нэр төрийг сэргээх арга хэмжээ болж байна. Санал хураалтад оролцсон 197 гишүүн хуулийн төслийг 100 хувийн саналаар баталжээ. Хуулийн төслийг санаачилсан ерөнхий сайд асан Габриэль Атталь "А.Дрейфусийг хэлмэгдүүлсэн еврейн эсрэг үзэл бол өнгөрсөн түүх биш бөгөөд манай улс ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг эсэргүүцэж байгаагаа дахин нотлох ёстой" гэжээ. Францын Альзас мужаас гаралтай еврей ажилчны хүү А.Дрейфус нь цэргийн сургууль төгссөн ирээдүйтэй офицер байсан ч үндэс угсаагаар ялгаварлан гадуурхах үзлийн золиос болж, урвагчаар цоллуулсаар хорвоог орхисон байна. 1894 онд армид их бууны ахлагчаар ажиллаж байхдаа тэрбээр Германы талд цэргийн нууц задруулсан гэх хилс хэрэгт буруутгагджээ. Франц дахь Германы элчин сайдын яамнаас түүнийхтэй төстэй хэвээр бичсэн тэмдэглэл олдсон бөгөөд зөвхөн үүнийг нотлох баримт болгож буруутгасан байна. Эх орноосоо урваж, дайсанд нууц задруулсан гэх хэргээр цэргийн шүүхээр шүүгдэж байхдаа тэрбээр "Би ямар ч буруугүй. Франц мандтугай, Францын арми мандтугай!" хэмээн хэлж байжээ. Шүүх хурал түүнд бүх насаар нь хорих ял оноож, Экваторын Гвианагийн нэгэн арал руу цөлсөн байна. Яллагдсанаас нь хойш хоёр жилийн дараагаас А.Дрейфусийн гэм буруутайд эргэлзсэн дуу хоолой сонсогдож эхэлсэн бөгөөд түүний цэргийн сургуулийн багш, дэд хурандаа Жорж Пикар үүнд оройлон оролцож, хэргийг дахин шалгаж эхэлснээр жинхэнэ буруутан нь А.Дрейфус биш, харин өөр нэг офицер байсныг тогтоожээ.

   "L'Aurore" сонинд Эмиль Золягийн нийтлүүлсэн ил захидал.1898 он.

   Үүний дараа Францын нэртэй зохиолч Эмиль Золя "L'Aurore" утга зохиолын сонинд ил захидал бичиж, тухайн үеийн ерөнхийлөгч Фэликс Форд хандан А.Дрейфусийг шударга бусаар шийтгэсэн хэргийг нухацтай авч үзэхийг уриалсан байна. Улмаар энэхүү нээлттэй захидал нь Францын арми, шүүх засаглалын булхайг илчилсэн "J'Accuse" нэртэй шилдэг бүтээл болжээ. Үүний мөрөөр жинхэнэ гэмтнийг олж тогтоон шийтгэж, 1906 онд А.Дрейфусийг цагаатган ажилд нь эргүүлэн томилоод Францын Засгийн газар түүнээс уучлалт гуйсан төдийгүй Хүндэт легионы одонгоор шагнасан юм. Армид буцаж ирснийхээ дараа тэрбээр Дэлхийн I дайнд тулалдаж байсан Францын армид их бууны офицероор алба хааж байгаад дэд хурандаа цолтойгоор халагдсан бөгөөд 1935 онд 75 настайдаа нас баржээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.