images

Б.Батзаяа: Англид байхдаа Фабиньогийн гарын үсгийг нь зуруулж авсан өмсгөл Монголд 3 сая төгрөгийн үнэ хүрсэн

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-06-09


Английн хөлбөмбөгийн “Liverpool” багийн Монгол дахь фэн клубийн үүсгэн байгуулагчдын нэг, “Premier Sports” сувгийн хөлбөмбөгийн тайлбарлагч Б.Батзаяа баг нь саяхан Премьер лигт түрүүлэхэд монгол фэнүүд нь хэрхэн тэмдэглэсэн болон уг фэн клубийн талаар манай сайтад товчхон өгүүлснийг нийтэлж байна. 

   Дэлхийн улс орнуудын хөлбөмбөгийн дэмжигчдэд парад маш чухал байдаг. Тухайн хотын баг нь тэмцээнд түрүүлэх юм бол автозамын хөдөлгөөнөө хааж байгаад ёслолын том жагсаал хийдэг. Тэр нь манайхны сая хийсэн “Улаанбаатар марафон” шиг өргөн хэмжээнд болно. “Liverpool” бол Английн хамгийн том клубийн нэг. Премьер лигийн түрүүг сүүлийн 30 жил авч чадаагүй байж байгаад хэдхэн жилийн өмнө авсан. Тэгэхэд ковидын үе таарсан болохоор үнэнч фэнүүд нь парад хийж чадаагүй юм. Тухайн үед би Англид сурч байлаа. Харин энэ жил хоёр дахь түрүүгээ аваад, парад хийх боломж нь гарч ирлээ. Ганц Ливерпүүл хотынхон төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт байгаа фэнүүд ёслолын жагсаал хийв. Хонконг гэхэд л олон фэнтэй биш мөртлөө “Liverpool”-ийн логотой автобус хүртэл гаргачихсан байна лээ. Манай хэд энэ удаагийн парадаар Улаанбаатарын жижигхэн хэсгийг тойрч ирээд тоглолт үзэх газар руугаа явцгаасан. Анх Пүрэвээ, Чингис, Оочий гээд олон жил болсон нөхөд нийлж групп үүсгээд өөр өөрсдийн чадах юмаараа оролцъё гээд баярын жагсаал санаачилсан юм. Тодорхой хэмжээний хандив авч, баннер, зурагт хуудас хэвлүүлээд, би мэдээлэл хүргэх ажлаа голчилж хийсэн. Парадаа 10 хоногийн өмнө зарласан. Хаана, хэдийд уулзах гэхчлэн төлөвлөгөөгөө гаргаад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талын зогсоолд 25-ны 17 цагт цуглаад, 30 минут бие биенээ хүлээж байгаад бүгдээрээ нийлмэгц мотоциклтой хэд маань урдаа гарч, араас нь машинтай нь туг далбаагаа намируулаад гарсан даа. Тэндээсээ Удирдлагын академийн замаар явж, Энхтайваны гүүр өгсөөд баруун эргэж “Шангри Ла”-гийн хойгуур Замын цагдаагийн гүүрээр гараад уулын замаар буцаж, Зайсан руу тоглолтоо үзэхээр явцгаасан. Хөөрхөн урт зам ч түгжрэлгүй байсан болохоор хурдан тойроод ирсэн. 100 хүн 20 гаруй машинтай явсан байх. Хэд хэдэн багачуул явснаас хамгийн бага нь гурван настай хүү байсан бол хамгийн ахмад нь спортын сэтгүүлч Ж.Отгонцагаан, Зоригоо ах хоёр байсан. Ер нь 20-30 насныхан дийлэнх. Энэ жил Салах 28, 29 гоол оруулсан нь миний хувьд онцлох үйл явдал байлаа.

   “Liverpool”-ийн хөгжөөн дэмжигч Монголд яг хэд байдгийг мэдэхгүй ч Фэйсбүүк группээр барагцаалахад 2-3 мянга байгаа харагддаг. Тэр дунд алдартай дуучид, жүжигчид олон бий. Намайг төрөөгүй байх 80-аад оны үеэс ч дэмжиж байсан хүмүүс байна лээ. Би бол “Liverpool”-ийг 1998 онд хүүхэд байхдаа үзээд дэмжиж эхэлсэн юм. Бид 15 жилийн өмнө ТББ байгуулж, олон үйл ажиллагаа явуулж ирсэн. Хоорондоо тэмцээн уралдаан зохионо, хамтдаа тоглолт үзнэ, буяны үйлсэд оролцоно. Жишээ нь, би Англид явж байхдаа галт тэрэгний буудал дээр тухайн үед “Liverpool”-д тоглож байсан Фабиньотой таарсан юм. “Liverpool”-ийн өмсгөлтэй явж байсан учраас гялс сэтгэж гарын үсгийг нь зуруулж авсан. Ирээд тэр өмсгөлөө Монголын фэнүүддээ бэлэглэлээ. Тэгтэл манай хэд тэрийг дуудлага худалдаагаар гурван сая төгрөгийн үнэ хүргэж зараад, хүүхдийн эмчилгээний зардалд хандивласан даа.

   Английн Ливерпүүл хот “Beatles” хамтлагаараа алдартай. Зарим хөлбөмбөг дэмжигчид "Beatles" хамтлагаар дамжуулж "Liverpool"-ийг дэмждэг юм билээ. Мөн Истанбулд 2005 онд болсон том тоглолтоос хойш фэнүүд их нэмэгдсэн байдаг. Манайд бол бид энд тэнд уулзаж явсаар сошиал хөгжсөнөөр 2008 оноос илүү идэвхжсэн. Тухайн үед “Спортын цонх” гээд форум байдаг байв. Тэрэн дээр бүгдээрээ нэгдэж энэ фэн клубээ байгуулсан даа.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.