Мөрдөн байцаагчид монгол бичиг сурч байна
Чихэнд чимэгтэй
2023-01-16
“Дээд соёл бичиг эрдэнэ” төрийн бус байгууллага жил гаруйн өмнө байгуулагдаж, төрийн албан хаагчдад үнэ төлбөргүй монгол бичгийн хичээл зааж эхэлжээ. Ерөнхийлөгчийн зарлигаар 2025 оны 1 дүгээр сарын 1-нээс төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ уйгаржин, кирилл бичиг хослуулан хөтлөх тул уг байгууллага сайн дурын үндсэн дээр гурван багштай хичээл зааж эхэлсэн байна. Тэд одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа бүх хорих анги, салбар нэгжүүдийн алба хаагчдад хичээл зааж байгаа аж. Үүний дараа Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн хичээл заалгах захиалга өгсөн гэнэ. Албан хаагчдад нэг сарын хугацаанд долоо хоногийн гурван өдөр 2-4 цагаар хичээл ордог бөгөөд зарим байгууллага цагаа шахаад долоо хоногийн хоёр өдөр хичээллэдэг ажээ. Иймээс багш нарын ачаалал их байгаа гэнэ.
Энэ талаар тус байгууллагын олон нийттэй харилцах ажилтан Ч.Батсүх “Багш нараа нэмэх шаардлага бий. Бид багш нартаа сарын сая төгрөгийн цалин өгдөг. Хичээл зааж буй төрийн байгууллагаас хураамж төлбөр авдаггүйгээс гадна бусад байгууллагаас дэмжлэг авахгүйгээр өөрсдөө санхүүгээ босгодог учраас багш нараа нэмэх боломж алга. Сайн дураараа монгол бичиг заагаад явж байна” гэсэн юм. Уг байгууллагын гурван багшийн нэг нь дунд сургуулийн багшаар ажилладаг бол хоёр нь их, дээд сургуульд багшилж байгаад тэтгэвэртээ гарчээ. Хичээлийн хуваарийг гаргахдаа тухайн байгууллагын хурлын танхим сул чөлөөтэй байх үе, багш нарынхаа ажлын хуваарьт тохируулан цагаа товлодог байна. Өнгөрсөн хугацаанд Нийслэлийн аялал жуулчлалын газар, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Оюуны өмчийн газар гэх зэрэг байгууллагуудад хичээл заасан бөгөөд нэг байгууллагаас дунджаар 30 гаруй хүн сургалтад хамрагддаг байна. Зарим тохиолдолд үүнээс олон хүн ч байдаг аж. Тухайлбал, ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангийн 80 гаруй албан хаагч сургалтад хамрагджээ. Ийнхүү жил гаруйн хугацаанд мянга гаруй албан хаагчид хичээл заасан байна. “Дээд соёл бичиг эрдэнэ” байгууллагаас монгол бичгийн хичээл авахыг хүсвэл 99006431 дугаар руу залгаж захиалга өгөх боломжтой.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.