images

Хөвсгөлийн байгаль хамгаалагчид "Улаан ном"-д орсон ховор амьтан олжээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-01-24


     Хорьдол Сарьдагийн дархан цаазат газрын байгаль хамгаалагчид Монголын "Улаан ном”-д орсон нэн ховор амьтныг олжээ. Алтайн чацуулин хэмээх энэ амьтныг газар дороос гарч ирээд цасан дээр хөлдөж үхсэн байхыг олсон бөгөөд ингэснээр цаашид энэ амьтныг нарийвчлан судлах боломж бүрдэж байгаа юм. Учир нь, манай улс одоогоор энэ амьтны тархалт, тоо толгойг огт судлаагүй байна. Алтайн чацуулины таних шинж тэмдгээр их бие нь 19 см, сүүл нь 3.4 см урт гэсэн байдаг бол байгаль хамгаалагчдын олсон нь 15-16 сантиметр урт их биетэй байжээ. Мөн урд хоёр хөл нь газар малтахад тохирсон урт хурц хумстай, хойд мөчдийн хөгжил сул, зэрлэг гахайныхтай төстэй хоншоортой байсан талаар Хорьдол Сарьдагийн дархан цаазат газрын байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх манайд мэдээллээ. Энэ амьтныг Дэлхийн байгаль хамгаалах холбооноос Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд анхааралд өртөхөөргүй, бүс нутгийн хэмжээнд мэдээлэл дутмаг хэмээн үнэлсэн юм. Одоогоор байгаль хамгаалагчид Хорьдол Сарьдаг, Улаан тайга, Тэнгис, Шишгэдийн орчимд хэд хэдэн газар овоолго шороогоор нь таньж, байршлыг нь тогтоогоод байгаа ажээ. Монголын "Улаан ном”-д Алтайн чацуулинг Эрчис мөрнөөс зүүн тийш Баруун, Дунд Сибирь, Байгаль нуурын өмнөд нутаг хүртэл тархалттай хэмээн тэмдэглэсэн байна. Гол төлөв чийгийн улаан хорхой, элдэв шавжаар хооллох бөгөөд ялзмаг ихтэй, чийглэг хөрстэй ой шугуй, голын татамд амьдардаг ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.