100 явган аялагч Асралт хайрхны оргилд гарчээ
Чихэнд чимэгтэй
2023-01-30
Монголын явган алхалтын холбооны гишүүд, дэмжигчдээс бүрдсэн 100 хүнтэй аяллын баг энэ сарын 28-ны өдөр Хан Хэнтий нурууны ноён оргил Асралт хайрхныг зорьжээ. Тэд Улаанбаатар хотоос зүүн хойд зүгт 90 орчим километр орших тус уул руу явганаар аялж, 2799 метрийн өндөрт гарсан байна. Аяллын багийг Багануур дүүргийн явган алхалтын холбооны үүсгэн байгуулагч, спортын мастер Г.Нансалмаа удирдсан бөгөөд нийслэлийн таван дүүрэг, найман аймгийн явган алхалтын холбоод, гишүүд оролцжээ. Багийн хамгийн өндөр настай гишүүн нь 75 настай Л.Ганбаатар, Н.Пүрэвдаш нар бөгөөд хамгийн залуу оролцогч нь 13 настай Б.Уяхан байсан аж. Энэ аяллыг өнгөрсөн жил мөн зохион байгуулж байсан бөгөөд аялагчдын зарим нь “Энэ жил салхи шуурга ихтэй тул нүүр нүдгүй цасанд ороолгуулж явлаа. Гэхдээ оргилд гарсны дараа дулаахан болж, тэнгэр цэлмэж салхи тогтсон” гэж цахим хуудсандаа бичсэн байна. Мөн оргилд гарсан алхагч бүрд сертификат гардуулжээ. Монголын явган алхалтын холбоо нь энэ оны турш сар бүр гадаад улсад нэг аяллын хөтөлбөр хэрэгжүүлэх бөгөөд мөн сар бүр нэг аймагт явган аялал зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.