images

Лондоны алдартай их сургуульд монгол хэл зааж байна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-01-31


     Английн Лондон хотын "Imperial college" их сургуульд монгол хэлний анхан шатны цахим сургалт болж байна. Монгол хэл анхлан сурч буй хүмүүс хамрагдаж буй энэ сургалт нэгдүгээр сарын 16-нд эхэлжээ. Нийт 10 долоо хоногийн турш 15 цагийн хичээл орох ба долоо хоногт нэг удаа 90 минутын хичээл цахимаар орох юм. Хичээлийн сэдвүүд нь Монголын аялал жуулчлалын дурсгалт газрууд, үзэл бодлоо илэрхийлэх, зочид буудал захиалах, бараа, үйлчилгээ худалдаж авах, эмчид үзүүлэх, хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэх, хоол захиалах, спорт юм байна. Сургалтын төлбөр 140-235 евро бөгөөд сургалт гуравдугаар сарын 25-нд дуусах ажээ. Хичээлийг Кэмбрижийн их сургуулийн Монгол ба Өвөр Азийн судалгааны төвийн судлаач, доктор Т.Тэргэл зааж байна. Тэрбээр үүний дараа Лондоны их сургуулийн Дорно болон Африкийн судалгааны сургуульд монгол бичгийн хичээл заахаар болжээ. Энэ  сургалтад хамрагдагсад "Imperial" их сургуулийн сертификат авах юм. 1907 онд үүсгэн байгуулагдсан тус сургууль өнгөрсөн оны дэлхийн шилдэг их, дээд сургуулийн жагсаалтад 13 дугаарт орсон юм. Энэ нь дэлхийн шилдэг 100 их сургуулийн нэг мөн гэсэн үг бөгөөд Европ тивийн болон Их Британийн шилдэг их сургуулиудын дөрөвдүгээрт ордог байна. Мөн тус сургуулийн заадаг бүх хичээл олон улсын түвшинд чанараараа эхний 100-д багтдаг ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.