“Tampere” кино наадамд Монголын “Шар автобус” кино шалгарлаа
Чихэнд чимэгтэй
2023-02-03
Найруулагч П.Золжаргалын "Шар автобус" богино хэмжээний кино Финландын "Тампере" кино наадмын шилдгүүдийн нэгээр шалгарлаа. 1970 оноос жил бүр болж буй тус наадамд энэ жил 8000 орчим кино нэр дэвшиж, уг наадмын түүхэн дэх дээд амжилтыг тогтоожээ. Кино наадамд ирсэн бүтээлүүд олон улсын, үндэсний, X, Y, Z үеийн гэсэн гурван төрөлд өрсөлдөж байгаа юм. Тухайлбал, “Шар автобус” кино олон улсын ангилалд ирсэн 7242 киноноос шилдэг 60-ын нэгээр шалгарлаа. Ийнхүү энэ ангилалд кино нь багтсан 42 улсын нэг Монгол болов. Харин X, Y, Z үе ангилалд 465 бүтээл ирснээс 17 орны 20 киног сонгожээ. Дотоодын киноны ангилалд 268 бүтээл ирснээс 30 минутаас урт буюу баримтат долоон кино, богино хэмжээний 29 киног шалгаруулжээ. Наадам гуравдугаар сарын 8-12-нд болох бөгөөд 11-нд тэргүүн байрын шагналын эздийг тодруулах юм. Мөн тухайн өдрүүдэд кино театр болон “Festhome” телевизийн цахим платформоор шилдгээр шалгарсан 116 бүтээлийг гаргана. “Шар автобус” киноны найруулагч П.Золжаргал Японы Обирин их сургуулийг кино найруулагч мэргэжлээр төгсжээ. Улмаар “Шат”, “Хотын дээгүүр тэнгэрийн доогуур”, “Хүрэн”, “Үл заяагдагсад” “Нүцгэн гэрэл” зэрэг богино хэмжээний хийсэн байна. Үүнээс “Шат” кино нь 38 дахь удаагийн Чикагогийн олон улсын хүүхдийн кино наадамд тэргүүлж, Улаанбаатар кино наадмаар шилдгүүдийн нэг болж үзэгчдийн хүртээл болсон ажээ. Мөн “Хотын дээгүүр, тэнгэрийн доогуур” богино хэмжээний бүтээл нь Токиогийн кино наадмаас кино клубийн нэрэмжит шагнал хүртсэн байна. Харин “Хүрэн”, “Үл заяагдагсад” кино нь “Алтан хальс”, Локарногийн олон улсын кино наадмаар үзэгчдийн хүртээл болжээ. Тэрбээр одоо бүрэн хэмжээний уран сайхны кино хийж буй нь “Баавгай болох сон” гэдэг нэртэй ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.