АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч манай улсад айлчилна
Чихэнд чимэгтэй
2023-02-06
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Иргэний аюулгүй байдал, хүний эрхийн асуудал эрхэлсэн орлогч Узра Зея энэ сарын 5-наас 10-ны өдрүүдэд Улаанбаатар хот болон Японы Токио хотуудад айлчлахаар болжээ. Тэрбээр Манай улсын Засгийн газар, иргэний нийгэм, шашны удирдагчидтай уулзаж, ардчилал, хүний эрх, хууль сахиулах, хууль дээдлэхтэй холбоотой асуудлаар хамтын ажиллагааны гүнзгийрүүлсэн хэлэлцээр хийх аж. Мөн АНУ-ын 5.5 сая ам.долларын тусламжаар хүүхэд худалдаалах гэмт хэргийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх, хохирогч төвтэй үйл ажиллагааг хангах зорилгоор хүүхдэд ээлтэй орчинг бий болгож буй үйл явцтай танилцах юм. Үргэлжлүүлэн Узра Зея тэргүүтэй АНУ-ын төлөөлөгчид Токио хотод Японы Гадаад хэргийн яамтай хамтран ардчилсан тогтвортой байдлын асуудлаарх Америк-Японы стратегийн яриа хэлэлцээний нээлтэд оролцоно. АНУ-Японы харилцааны бат бөх байдал, ардчиллын нийтлэг үнэт зүйлсийг онцлон тэмдэглэсэн энэхүү яриа хэлэлцээ нь Японы G7-ийн үеэр Энэтхэг-Номхон далайн бүс нутаг даяар ардчилал, хүний эрх, жендэрийн тэгш байдлыг бэхжүүлэх чиглэлээр цаашид хамтран ажиллах боломжийг тодорхойлох юм. Айлчлалын багийн бүрэлдэхүүнд ЛГБТ хүмүүсийн хүний эрхийг хангах тусгай элч Жессика Стерн болон Ардчилал, хүний эрх, хөдөлмөрийн товчоо, Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн товчооны төлөөлөгчид багтаж байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.