Манай улс энэ онд агаараар 1.5 сая зорчигч тээвэрлэнэ
Чихэнд чимэгтэй
2023-02-07
Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өчигдөр аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй уулзалт хийлээ. Энэ үеэр манай улс агаарын тээврээр энэ онд 1.5 сая, 2024 онд хоёр сая хүн тээвэрлэхээр зорьж байгаа талаар мэдэгдсэн байна. Монгол улс өнөөдөр дэлхийн 39 улстай агаарын тээврийн хоёр талт хэлэлцээртэй ажиллаж байна. Мөн 13 улсын 47 цэг рүү томилгоотой байсан бол одоо 23 улсын 100 цэгт зорчигч, ачаа тээвэрлэх боломжтой болсныг сайд онцолжээ. Уулзалтаар олон улсын нислэгийн үнэ тарифыг танилцуулж, энэ талаар оролцогч нар санал солилцов. Мөн нислэгийн томилгооны талаар хэлэлцэж, өмнө нь салбарын сайдаас өгдөг байсан бол одоо агаарын таван компани хоорондоо тохирсон тохиолдолд нислэгийн томилгоог шууд олгож байхаар болжээ. Түүнчлэн аялал жуулчлалыг хөгжүүлэх үүднээс аймаг, орон нутгийн нислэгийг идэвхтэй дэмжих шаардлагатай байгааг хэлэлцлээ. Тухайлбал, Ховд, Хөвсгөл, Дорнод, Өмнөговь зэрэг аймгийн нисэх буудлыг хувийн хэвшилд менежментээр өгөх, агаарын тээврийн үнэ тарифын гол зардал, өртөг болдог онгоцны түлш, шатахууны үнийг буулгах тал дээр ажиллаж байгааг салбарын яамнаас мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар манай улсын “МИАТ”, “Аэро Монголиа”, “Хүннү Эйр”, “Изинис Эйрвэйз”, “Монголиан Эйрвэйз” компаниуд олон улс болон орон нутгийн нислэг үйлдэж буй бөгөөд АНУ-тай шууд нислэг үйлдэх боломжтой болсон. Түүнчлэн 2023 оноос Унгар, Англи, Азербайжан, Грек, Испани, Катар зэрэг улстай шууд нислэг үйлдэх агаарын тээврийн хэлэлцээр байгуулахаар ажиллаж байгаа аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.