images

Чингис хаан музей Оросын Эрмитаж музейтэй хамтарч ажиллана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-02-09


     Чингис хаан үндэсний музейн захирал, академич С.Чулуун энэ сард ОХУ-ын Санктпетербург хотноо ажиллаж, Эрмитаж музейтэй хамтарч ажиллахаар болжээ. Талууд хамтын ажиллагааны гэрээнд гарын үзэг зурснаар, хээрийн судалгаа болон эрдэм шинжилгээний ажилд оролцох, судалгааны бүтээл туурвих, үзэсгэлэн гаргах, мэргэжилтэн солилцох ажлуудыг хамтарч гүйцэтгэх аж. Манай улсын түүхтэй холбогдолтой  дурсгалууд тус музейд хадгалагддаг бөгөөд манай улс “Эрмитаж дахь Бурхан шашинтны төв”, “Эрмитаж дахь Ноён уулын дурсгал”, “Эрмитаж дахь Хархорум хотын өв” “Эрмитаж дахь Монголын эзэнт гүрний өв” зэрэг дөрвөн боть бүтээлийг хэвлүүлж байсан юм. Чингис хаан музей Эрмитаж музейтэй хамтарч ажиллахаас гадна Оросын Угсаатны музей, Дорно дахины ард түмний урлагийн музей, Их Петр хааны нэрэмжит Угсаатан, хүн судлалын музей, ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнтэй мөн хамтын ажиллагааны гэрээ байгуулж, Монголын соёлын өвтэй холбоотой судалгааг өргөжүүлэх, урьд хэвлэгдээгүй ховор сонин баримт, дүрс бичлэг, гэрэл зургуудыг нийтийн хүртээл болгохоор ажиллаж байна.

     Эрмитаж музей нь нийт үзмэрийн тоогоор дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг бөгөөд 1764 онд Оросын хатан хаан II Екатерина Берлиний худалдаачин Иоханн Эрнст Гоцковскийгээс уран зургийн цуглуулга анх худалдан авснаар музейг үндэслэсэн гэж үздэг.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.