images

Жүжигчин Х.Баярмаа: Ном уншихад өөрөөсөө ухаантай хүмүүстэй уулздаг

Б.Бадамзул

Миний дуртай ном

2022-10-20


Жүжигчин Хүсэлбаатарын Баярмаа өөрийн хамгийн дуртай ном болох Францын алдарт зохиолч Жорж Сандын “Консуэло” романы талаар “Миний дуртай ном” буланд ийн ярилаа.

   Жүжигчний мэргэжлийг ховсынх гэдэг. Зохиолоос авсан мэдрэмжээ өөрөөрөө дамжуулан яг тэр чигээр нь үзэгчид мэдрүүлэх ёстой. Тэгэхийн тулд ном уншиж, уран зураг үзэж, хөгжим сонсон дотооддоо дүрслэн харах чадвар, мэдрэмж, төсөөллөө сайжруулах нь чухал. Ер нь ном уншдаггүй жүжигчин гэж байхгүй. Урлагийг өөрөөрөө дамжуулж буй хэн бүхэн уншигч байх ёстой.

   Миний хувьд адал явдалт уран зохиолын ном унших дуртай. Багаасаа л аавынхаа номуудаас уншдаг байсан. Манайх өвөө, ааваас өвлөж ирсэн номын сантай. Тэр дунд Жорж Сандын “Консуэло” гэдэг хоёр боть роман байв. Энэ номыг арваад жилийн өмнө анх уншихад үйл явдал нь санаанаас гарахгүй, баатруудынх нь царай төрх таньдаг хүн шиг л нүдэнд төсөөлөгддөг байлаа. “Консуэло” хайр дурлал, адал явдлын сэдэвтэй. Номын гол дүрийн бүсгүй испани гаралтай, хосгүй сайхан дуулдаг, гоо үзэсгэлэнтэй Консуэло. Тэр арван дөрвөн настайгаасаа сүмд дуулж эхэлсэн бөгөөд ядуу тарчиг амьдрал, царай төрхөөрөө үргэлж гоочлуулдаг байсан. Гэхдээ түүний дуулахыг сонссон хэн бүхэн гайхан биширдэг. Тийм л сэтгэл булаасан хоолойтой.

   Консуэло дуучин болох мөрөөдөлтэй Анзолето гэдэг залуутай танилцаж, ирээдүйд гэрлэхээр тохирдог. Тэр залуу эхэндээ сайхан дуулах аргыг Консуэлогоос сурахыг хүсдэгээс биш гоо сайхныг нь анзаардаггүй байв. Харин Консуэло нас нэмэх тусам үзэсгэлэн гоо нь тодорч байжээ. Түүнийг сүмийн дууны багш Порпора нь гүнгийн хүсэлтээр театрт дуучин болгохоор шийддэг. Гэвч урьд сүмийн дуучин байгаад театрын алдартай дуучин болсон Корилла гэх эмэгтэй атаархсандаа Консуэлог янз бүрээр хорлоно.

   Энэ мэтээр зохиол үргэлжилсээр, нас бие гүйцэж сайхан бүсгүй болсныхоо дараа Консуэло Ширкменштейн гэдэг ууланд маш гоё шилтгээнд амьдардаг баян айлын Альберт гэж хүүгийн үйлчлэгч болов. Альберт унаж татдаг өвчтэй ч, Консуэлогийн дуулахыг сонсоод тайтгардаг. Энэ номыг уншихад тайтгарах, тайтгараад гэдэг үг их гарна. Учир нь “Консуэло” гэдэг нь тайтгарал гэсэн испани үг юм билээ. Яваандаа Консуэло авьяаслаг хөгжмийн зохиолч, генерал гээд олон хүнтэй танилцдаг. Альбертад хэдий хайртай ч, салан холдоод түүн рүү захидал илгээдэг. Консуэло бол цэвэр сайхан сэтгэлтэй, ариухан бүсгүй. Тэр эмэгтэй хүн гаднаа хэчнээн гоо сайхан ч дотоод гоо үзэсгэлэнгээрээ бусдыг ховсдож болдгийг харуулсан. Энэ зохиол эмэгтэй хүний гоо сайхан юунд оршдогийг өгүүлсэн мэт санагддаг. Консуэло маш хүмүүжилтэй. Хүмүүжилд эмэгтэй хүний гоо сайхан оршдогийг хэлж буй мэт. Мөн эмэгтэй хүн биеэ яаж авч явбал эр хүн битгий хэл дэлхийг өөрчилж чаддаг гэсэн утгатай ч юм шиг. Энэ зохиолын эхний хэсгийг нь та нарт би яриад өгчихлөө. Хоёрдугаар хэсгийг нь өөрсдөө олж уншаарай. Миний анх уншсаныг францаас орос, оросоос монгол руу орчуулсан байсан. Харин дараа нь англи хэл дээр уншиж байлаа.

    “Консуэло”-г уншсаныхаа дараа яг л түүн шиг болохыг мөрөөддөг байлаа. Ерөөсөө л нэг их гоё өндөр биетэй, урт үстэй, хэний ч хайрыг булаасан эмэгтэй болохыг бараг жаахан охин бүр мөрөөддөг байх. Миний хувьд бага байхаасаа урлагийн хүн болохыг мөрөөдсөн. Харин хайр дурлалын утга агуулгыг нь тухайн үед ойлгоогүй. Хайр гэж мэддэггүй байлаа. СУИС-д орсны дараа л хайр гэж ийм юм байдаг гэдгийг ойлгож эхэлсэн.

   “Консуэло”-гийн дүрүүдээс Анзолето яагаад ч юм буржгар үстэйгээр төсөөлөгдөөд байдаг. Тэр том нүдтэй, туранхай, зэвүүн хэрнээ хүнийг хайрлаж мэддэг нь их таалагддаг байв. Кино үзэхэд санаанаас гардаггүй хэсэг гэж байдаг шиг дүрүүдийнх нь сэтгэлээс гардаггүй хэсгүүдийг номын тэмдэглэлдээ бичнэ. Альберт үнэхээр сайхан залуу атал яагаад Консуэло Анзолетод хайртай вэ гээд л сонирхолтой санагдсан зүйлээ бичиж тэмдэглэдэг байлаа. Би “Консуэло”-г хоёр удаа уншсан. Хоёр дахиа уншихдаа хайрыг мэдрээд үзчихсэн учраас үйл явдлыг нь өөр дээрээ төсөөлж, ингэж асуувал тэгж хариулах юм байна, би тэнд алджээ, энэ нь ийм учиртай юм байна гэх мэтээр амьдралын мэдлэг олж авсан. Бид хорвоо дээр юу ч мэдэхгүй ирдэг шүү дээ. Тэгээд ээж, аав, эргэн тойрны хүмүүсээр заалгаж, яваандаа амьдралыг өөр өөрийнхөөрөө ойлгодог. Энэ үедээ амьдралын мэдлэгийг номоос олж авдаг. Ном уншихад өөрөөсөө ухаантай хүмүүстэй уулзаж, илүү хүмүүжилтэй нэгнийг олж харна. Тэгээд тэр дүрээ даган хүмүүжиж, сайхан энерги авдаг гэж боддог. Ингэж мэдлэгтэй болно. Мэдлэгтэй хүн өөртөө итгэлтэй байдаг. Мөн мөнгөтэй хүн өөртөө итгэлтэй. Харин номоос мөнгөтэй, чадалтай, гоо сайхан болох аргыг мэдэж болно.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    emo

    Tomoko Wasedag tugssun ugaasaa suuri sain l da. Yg ene utga zohiol talaas ni yriltsaasai gej ih husch bailaa. Ta buhend amjilt husey

    2022-10-20

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Bodi

    Uran zohioliig nugel huraahgui bichij boldoggui uls uu?

    2022-10-24

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.