images

Франц: Сургууль дээрх хүчирхийлэл, гадуурхлын эсрэг хатуу тэмцэнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-09-29


   Францын Засгийн газар сургуулиуд дээр байнга гарах болсон хүчирхийлэл, бие биенээ дээрэлхэх, гадуурхах үйлдлийн эсрэг хатуу арга хэмжээ авахаар болжээ. Саяхан Парис хотын захад орших нэгэн ахлах сургуулийн 15 настай эрэгтэй сурагч сургууль дээрээ байнга дээрэлхүүлдэг байснаас болж амиа хорлосон бөгөөд үүний мөрөөр Засгийн газар шуурхай ажиллаж тодорхой шийдвэрүүд гаргаснаа ерөнхий сайд Элизабет Борн мэдээлэв. Тус улсын Засгийн газраас дани маягийн хичээлийн хөтөлбөр нэвтрүүлэхээр болсон бөгөөд ингэснээр хүүхдүүд бага наснаасаа бусдыг өрөвдөх, хүндлэх сэтгэлгээнд суралцах юм байна. Зорилго нь хүүхдүүдэд хамт олны тухай ойлголтыг зааж, хэн нэгнийг ялгаварлан гадуурхахгүй байх, бие биедээ санаа тавих, хэн нэгнийг дээрэлхэж байвал түүнд ямар арга хэмжээ авах талаар заах ажээ. Боловсролын яам ирэх оны есдүгээр сард шинэ семестр эхлэхийн өмнө энэхүү хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Мөн боловсролын байгууллага болгонд энэ чиглэлийг хариуцсан салбар, хэлтэс байгуулахаар болжээ. Түүнчлэн цахим орчинд бие биенээ ялгаварлан гадуурхсан гэмт хэрэг үйлдсэн этгээдийн нийгмийн сүлжээ ашиглах эрхийг зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хасах, гар утсыг нь хурааж авах зэрэг арга хэмжээ авах болсныг онцоллоо. Үүнтэй холбогдуулан холбогдох хууль тогтоомжийг парламентаар хэлэлцэж эхлээд байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.