Гэмтлийн эмнэлгийг 2024 онд яаж тохижуулав?
Чихэнд чимэгтэй
2024-12-19
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гурван тасгийг энэ онд иж бүрэн засварлаж, бүрэн тохижуулаад байна. Эдгээр засвар үйлчилгээний зардлыг эмнэлгийн 2024 оны төсвөөс гарган зарцуулжээ.
Нурууны мэс заслын тасаг
Тус төвд иж бүрэн засвар хийсэн нурууны мэс заслын тасгийг есдүгээр сарын 26-нд ашиглалтад оруулсан билээ. Төвийн гуравдугаар давхарт байрлах тасгийн өрөө бүрт гүйдэг хаалга, агааржуулагч, интернэт сүлжээ, 180 градус эргэдэг орны гэрэл, цахилгаан залгуур, дуут дохиолол бүхий утаа мэдрэгчийг суурилуулж, дуу чимээнээс тусгаарлах эмнэлгийн зориулалттай эко хавтангаар ханыг доторлосон байна. Мөн цэвэр болон бохир усны шугамыг шинэчилж, үйлчилгээний ажилтнуудын ажлыг хөнгөвчлөхөөр цэвэрлэгээний ус авах, бохир ус зайлуулах тусгай булан хийжээ. Түүнчлэн тасгийн бүх орыг шинээр сольж, өрөө тус бүрийг ариун цэврийн өрөөтэй болгосон бөгөөд асаргааны өрөөг нэмж тоноглосон бол коридорт нь эрчим хүчний хэмнэлттэй гурван шатлалт гэрлийн унтраалга, галын дохиоллын систем, аваарын гарц, төмөр дүүжин тааз хийсэн байна.
Сэргээн засах спорт танхим
Төвийн салбар эмнэлэгт сэргээн засах спорт танхимыг 10 дугаар сарын 24-нд нээсэн юм. Танхимд бүх төрлийн фитнесс хэрэгсэл, спортын төхөөрөмж суурилуулснаас гадна ширээний теннис, йогийн талбай, амралтын буланг нэмж тохижуулсан байна. Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэд ээс гадна эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд энэ шинэ танхимд хичээллэх боломжтой. Мөн мэс засал, эмчилгээ хийлгэсэн мэргэжлийн тамирчдыг сэргээн засах, эрчимжүүлсэн дасгал хөдөлгөөн хийхэд энэ танхимыг зориулжээ.
Хавсарсан гэмтлийн мэс заслын тасаг
Төвийн хоёрдугаар давхарт байрлах хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийг мөн л иж бүрэн засварлаж, өчигдөр ашиглалтад орууллаа. Ингэхдээ тасгийн өрөө бүрт гүйдэг хаалга, агааржуулагч, интернэт сүлжээ, 180 градус эргэдэг орны гэрэл, цахилгаан залгуур, дуут дохиолол бүхий утаа мэдрэгчийг суурилуулж, дуу чимээнээс тусгаарлах эко хавтангаар хана хийжээ. Түүнчлэн эмч нарын өрөөг тасгаас бүрэн тусгаарлаж, орны тоог нэмэгдүүлэн, сувилагчийн пост болон эм тарианы хэсгийг нэг байрлалд тохижуулж, ажилчдын амралтын өрөөг тавилга хэрэгслээр хангасан байна. Үүний зэрэгцээ Яаралтай тусламжийн тасгаас шууд ирсэн үйлчлүүлэгчийг асаргааны өрөөнд хүлээн авч, шаардлагатай тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлэх боломжтой болжээ. Тус тасгийн цэвэр болон бохир усны хэвтээ шугам, цахилгааны бүх төрлийн утас, монтаж тоноглолыг шинэчилж, коридорт дөрвөн шатлалт гэрлийн унтраалга, галын дохиоллын систем, аваарын гарц хийжээ. Хавсарсан гэмтлийн мэс заслын тасаг нь 32 ортой бөгөөд хүчилтөрөгчийн аппаратын холболттой орыг хоёр өрөөнд байрлуулж, долоон өрөөнд ариун цэврийн өрөө шинээр гаргасан төдийгүй нийтийн ариун цэврийн өрөөг иж бүрэн тохижуулсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.