“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн том корпорациудтай хамтарна
Чихэнд чимэгтэй
2024-12-20
“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал Японы “Нарита интернэшнл эйрпорт”, “Ханеда интернэшнл эйрпорт” корпорациудтай хамтран ажиллахаар боллоо. Хоёр талын албаны хүмүүс өнөөдөр Зам тээврийн яаманд уулзаж, ажилтнуудаа урт богино хугацааны сургалтад хамруулах, харилцан туршлага солилцох чиглэлээр санамж бичиг байгуулав. Монгол-Японы хамтарсан төслөөр байгуулагдсан “Чингис хаан” буудал нь Монгол улсын агаарын хилийн цорын ганц боомт бөгөөд үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш гурван жилийн дотор зорчигчийн урсгал тасралтгүй өсөн нэмэгдсээр 2023 онд 1.7 сая, 2024 онд энэ амжилтаа эвдэж хоёр сая дахь зорчигчоо хүлээн аваад байгаа юм. Мөн энэ онд олон улсын агаарын тээврийн судалгаа, үнэлгээний "Скайтракс" аудитын байгууллагаас "Дөрвөн од" зэрэглэлийг хүртсэн билээ. Дашрамд дурдахад “Нарита интернэшнл эйрпорт” буудал нь зорчигч урсгалаараа Японд хоёрдугаарт, ачаа тээврийн хэмжээгээр нэгдүгээрт, дэлхийд гуравдугаарт ордог. Мөн агаарын тээвэрлэгч "Japan Airlines" болон "All Nippon Airways" компаниудын олон улсын гол зангилаа төв, Америкийн агаарын тээврийн "Delta Airlines", "United Airlines" зэрэг компаниудын зангилаа болдог нэгдүгээр зэрэглэлийн нисэх онгоцны буудал юм. “Ханеда интернэшнл эйрпорт” ч Японд төдийгүй дэлхийд тэргүүлэгч нисэх буудлын корпорац билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.