images

Өмнөд Солонгосын төмөр замын сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт Монголоос 10 хүн бүртгүүлээд байна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-12-23


   Зам тээврийн яам энэ оны наймдугаар сард БНСУ-ын “Дуньян” их сургуультай төмөр замын салбарын хүний нөөцийг бэлдэх зорилгоор харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан билээ. Уг бичигт үндэслэсэн хамтын ажиллагаа өнгөрсөн долоо хоногоос албан ёсоор эхэлж, хоёр талын холбогдох албаныхан Зам тээврийн яаманд оюутнуудыг төмөр замын суурь бүтэц, бүтээн байгуулалтын чиглэлээр бакалаврын хөтөлбөрт сургах, соёлын арга хэмжээ зохион байгуулах тодорхой заалт бүхий гэрээг байгууллаа. Энэ үеэр Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэлснийг нөгөө талд мэдээлж, монгол оюутнуудыг суралцах хугацаандаа мэргэжлийн дадлагад гарах боломжоор хангаж өгөхийг хүсжээ. Харин “Дуньян” их сургуулиас эхний ээлжинд 30 хувийн тэтгэлэг олгох бол солонгос хэлний TOPIC-ийн оноотой 3-4 дүгээр түвшний оюутнуудыг 50 хувийн тэтгэлэгт хамруулахаа мэдэгдсэн байна. Улмаар II-IV курсын оюутнуудад хэлний онооноос үл хамаарч 40 хувийн тэтгэлэг олгохоос гадна сургалтын амжилтыг харгалзаж, оюутнуудад улирал бүр 500 мянгаас нэг сая хүртэлх вонын тэтгэлэг олгох ажээ. Тэтгэлэгт хөтөлбөрт оюутнуудыг энэ сарын 14-нөөс бүртгэж эхэлсэн ба одоогоор 10 гаруй хүн бүртгүүлжээ. “Дуньян" их сургууль нь Өмнөд Солонгосын Ёнжу хотод байдаг бөгөөд хичээлийн шинэ жил 2025 оны гуравдугаар сард эхэлнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.