images

Баруун Австралийн кино наадам "Шар гэгээ" киног шилдгээр шалгарууллаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-12-23


   Монголын уран сайхны "Шар гэгээ" кино Баруун Австралийн Перт хотноо болсон “International Multicultural Film Festival”-аас "2024 оны шилдэг кино" шагналыг хүртжээ. Тус наадам дөрвөн номинацид шилдэг уран бүтээлүүдийг шалгаруулсан бөгөөд "Шар гэгээ" киноноос гадна "Богино хэмжээний шилдэг кино"-гоор Австралийн “Gino&Juliet”, "Богино хэмжээний шилдэг баримтат кино"-гоор Японы “Akan Soul”, "Шилдэг баримтат кино"-гоор Бразилын “Eskawata Kayawai-The Spirit of Transfomation” кино тус тус шалгарчээ. Тус наадам нь (IMFF) үндэс угсаа, шашин шүтлэг, арьс өнгө, уламжлал соёл, улс төрийн үзэл бодлоос үл хамааран тухайн оныхоо шилдэг гэж үзсэн кинонуудыг шалгаруулан олон нийтэд танилцуулдаг ажээ. Зохион байгуулалтын комиссыхон энэ оны шалгаруултад нэр дэвших хүсэлт гаргаж, танилцуулгаа илгээсэн кинонуудыг эцсийн байдлаар өнгөрөгч сард хүлээн авч, өчигдөр сонгон шалгаруулалтын дүнг ийнхүү зарласан байна. Өнгөрсөн жилийн 10 дугаар сард үзэгчдийн хүртээл болж, албан ёсоор нээлтээ хийсэн "Шар гэгээ" киноны тухайд, олон улсын наадмаас тав дахь шагналаа авч байгаа нь энэ юм. Ш.Гүрбазарын зохиолоос сэдэвлэн Б.Батдэлгэрийн найруулсан уг бүтээл 15 дахь удаагийн "Улаанбаатар” олон улсын кино наадмын гурван төрөлд шилдгээр шалгарч "Хангарьд" цомын эзэн болсон бол “Мөнгөн мод” наадмын "Шилдэг кино бүтээл" шагналыг мөн хүртсэн билээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.