images

Төрийн тусгай эмнэлэг Гэмтлийн эмнэлгийн ачааллыг хуваалцана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-12-24


   Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг ирэх оны нэгдүгээр сараас эхлэн гэмтлийн тусламж, үйлчилгээг харъяалал харгалзахгүй, 24 цагаар үзүүлэхээр болжээ. Гэмтэл, согог судлалын үндэсний төвтэй байгуулсан санамж бичгийн дагуу Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасаг, амбулатори, Гэмтэл, согог заслын тасаг иргэдийг харъяалал харгалзахгүй хүлээн авах бөгөөд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг оношилгоо, мэс засал, сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг ч хамтран хийхээр төлөвлөжээ. Ингэснээр Гэмтлийн эмнэлэгт төвлөрдөг ачааллыг бууруулахаас гадна иргэд авто замын түгжрэлээс болж цаг алдалгүй, түргэн шуурхай тусламж, үйлчилгээ авах бололцоотой болж байна. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Гэмтэл, согог заслын тасаг 14 эмч, сувилагч, эмнэлгийн ажилтантай, 30 ортойгоор үйл ажиллагаа явуулж буй юм. Эдгээр мэргэжилтнүүд мөр, өвдөгний үений дурангийн, бүх төрлийн ясны хугарлыг хадах, өвдөг, түнхний үе солих, дээд, доод мөчдийн гэмтлийн, гар сарвууны, мэдрэл чөлөөлөх, яс үений мэс заслын дараах ялтас, хадаас, бэхэлгээ авах, нуруу, нугасны эмгэгийн үеийн мэс заслуудыг хийдэг байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.