Монголд музей үзэгчийн тоо 1.1 саяд хүрчээ
Чихэнд чимэгтэй
2024-12-24
Монгол улсад музейн салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ой өнөөдөр тохиож, улс, орон нутаг, хувийн хэвшлийн музейн 700 гаруй төлөөлөгчийн оролцсон хүндэтгэлийн хурал боллоо. Ойн арга хэмжээний үеэр, сүүлийн жилүүдэд музейн салбарт гарсан өөрчлөлт, хөгжил дэвшил, хийгдсэн бүтээн байгуулалтын талаар Соёлын яамнаас олон нийтэд танилцуулав. 2019 онтой харьцуулахад Монголд музейн үзэгчийн тоо 40 хувиар өсөж, 1.1 саяд хүрсэн бол орлого нь 1.5 дахин өсөж 4.2 тэрбум төгрөгт хүрчээ. Үүнийгээ дагаад музейн салбарын ажилтан, албан хаагчдын тоо 12.5 хувиар нэмэгдсэн байна. Сүүлийн жилүүдэд Монголын музейн байгууллагын нэрийг олон улсад сайнаар гаргасны нэг жишээ нь "Чингис хаан" үндэсний музейг "National Geographic" сэтгүүл 2024 онд заавал үзэх музейн нэгээр нэрлэсэн явдал болжээ. Мөн Францын "Historia" сэтгүүл “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг 2023 оны шилдэг үзэсгэлэнгээр шалгаруулсан билээ. Манай улс 2021 онд “Музейн тухай" хууль баталсан Азийн цөөхөн орны нэг болж байв. 1924 оны 12 дугаар сард олон нийтэд үйлчилж эхэлсэн Монголын музейн салбар эдүгээ 40 гаруй музейг эгнээндээ нэгтгэсэн соёлын томоохон салбар болоод байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.