Асашёорюүгийн дүү Хоошёорюү: Ахыгаа дуурайх биш өөрийнхөөрөө явмаар байна
Чихэнд чимэгтэй
2024-12-25
Асашёорюү Д.Дагвадоржийн ач дүү Хоошёорюү С.Бямбасүрэн ирэх оны нэгдүгээр сарын башёд ёкозүна цолны төлөө барилдахаар болсон билээ. Тиймээс Японы хэвлэлүүд 25 настай Хоошёорюү 22 жилийн өмнө авга ахынхаа давсан сорилттой нүүр тулж буй талаар бичиж байна. Д.Дагвадорж бол ёкозүна цолны төлөө барилдсан Монголын анхы сүмоч бөгөөд нийт 25 түрүүтэй, энэ тоогоороо бүх цаг үеийн хамгийн олон түрүүтэй бөхчүүдийн дөрөвдүгээрт ордог. Тэгвэл хэвлэлийн бага хурлын үеэр тавьсан авга ахтай нь холбоотой асуултад Хоошёорюү “Би түүнийг ёкозүна гэхээс илүү авга ах минь л гэж бодож ирсэн" хэмээн хариулаад “Одоо бодоход ах маань хосгүй зүйл хийжээ. Гэсэн хэдий ч би түүнийг дуурайхаас илүүтэй өөрийнхөөрөө явахыг хүсэж байна” гэжээ.
Тэрбээр ирэх сард япон бөх Котозакүратай хамт сүмогийн дээд цолны төлөө барилдана. Ингэснээр 1970 онд Китанофүжи, Таманоүми нар нэгэн зэрэг ёкозүна болсноос хойш дахин давтагдаагүй түүхийг бүтээж магадгүй байгаа юм. Харин энэ тухай асуултад С.Бямбасүрэн “Түүх бүтээх нь миний одоогийн зорилго биш. Би ёкозүна цолны болзол гэх мэт зүйл бодолгүйгээр зүгээр л өөртөө төвлөрч барилдахыг хүсэж байна” хэмээн хариулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.