Монголд зохиосон олон улсын тэмцээнүүдийн зардал 1.8 тэрбум, орлого 5.6 тэрбум болжээ
Чихэнд чимэгтэй
2024-12-27
Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, олон улс, тив, дэлхийн чанартай спортын долоон тэмцээнийг эх орондоо зохион байгуулахад улсын төсвөөс 1.8 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэн билээ. Тухайлбал, мөсний загасчлалын ДАШТ, чөлөөт нисэх загварын Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн, Снүкер бильярдын ДАШТ, Олон улсын хүүхдийн спортын X наадам, "Гимнастрада-2024" ААШТ, Бодибилдинг, фитнесийн ААШТ, Кураш бөхийн өсвөр үе, залуучууд, ахмадын ДАШТ-ийг Улаанбаатар хотод зохион байгуулсан юм. Тэгвэл эдгээр тэмцээнд оролцохоор давхардсан тоогоор 108 орны 1432 тамирчин, 121 дасгалжуулагч, 128 шүүгч, 167 албаны хүн, 968 хөгжөөн дэмжигч Монголд ирсэн байна. Энэ үйл явдал нь манай эдийн засагт шууд болон шууд бусаар 5.6 тэрбум төгрөгийн орлого оруулжээ. Үүнийг салбараар нь хувааж авч үзвэл үндэсний төмөр замын болон агаарын тээврийн компанид дөрвөн тэрбум төгрөг, зочид буудалд 1.2 тэрбум төгрөг, худалдаа, үйлчилгээ, тээврийн салбарт 582 сая төгрөгийн орлого орсон байна. Ийнхүү эх орондоо олон улсын тэмцээн зохион байгуулахад улсаас 1.8 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлж, эргээд 5.6 тэрбум төгрөгийг эдийн засагтаа оруулж чадсаныг БТУСХ өнөөдөр мэдээллээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.