images

Улаанбаатар хотод цаашид цахилгаан хязгаарлахгүй

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-12-30


   Улаанбаатар хотоос 120 км зайд, Төв аймгийн Баянжаргалан суманд Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн дөрвөн блок бүхий 600 мBт хүчин чадалтай цахилгаан станцыг барьж буй билээ. Үүнээс 150 МВт хүчин чадалтай эхний станцыг НЗДТГ-аас хөрөнгө оруулан өнгөрсөн аравдугаар сард ашиглалтад оруулсан юм. Ингэхдээ Улаанбаатар хот анх удаа буюу дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалан 300 тэрбумыг нь цахилгаан станцад оруулсан байдаг. Гэвч өнгөрөгч сарын 17-нд тус станцын нүүрс татах хэсэгт гал гарч, төвийн системд эрчим хүч нийлүүлэх ажил түр хугацаанд хойшлоод байв. Мэргэжилтнүүд уг ослоос үүссэн эвдрэлийг шуурхай засварлаж, энэ сарын 26-ны шөнийн 23:33 цагт төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбожээ. Ингэснээр 150 МВт цахилгаан эрчим хүчийг Улаанбаатар хотын цахилгаан дулааны нэгдсэн системд нийлүүлж байна. Мөн Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц энэ сарын 13-наас төвийн системд эрчим хүч нийлүүлж байгаа билээ. Тиймээс цаашид Улаанбаатар хотод эрчим хүчний хязгаарлалт хийгдэхгүй болохыг мэргэжилтнүүд тодотгохын зэрэгцээ хотын дарга Х.Нямбаатар “Өвлийн оргил ачааллын үеэр цахилгааны хязгаарлалт хийхгүй байх боломж бүрдэнэ” хэмээн мэдэгдсэн байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг 2025 онд ашиглалтад оруулан, бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд жилд 2.1 тэрбум хүртэл кВт цахилгаан үйлдвэрлэх юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.