АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденд Монгол улсын ерөнхий сайд ямар бэлэг өгсөн бэ?
АНУ-ын Төрийн департаментаас өнгөрөгч пүрэв гарагт ерөнхийлөгч Жо Байден болон түүний гэр бүлийн гишүүд 2023 онд дэлхийн улсуудын удирдагчаас хүлээн авсан бэлгүүдийг танилцууллаа. Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди тэргүүн хатагтай Жилл Байденд 20 мянган долларын үнэтэй 7.5 каратын алмаз өгсөн нь хамгийн үнэтэй бэлэг болсон байна. Түүний араас Украины Элчин сайдын өгсөн 14063 долларын үнэтэй энгэрийн тэмдэг оржээ. Уг энгэрийн тэмдгийг Оросын пуужингийн хэлтэрхийгээр хийсэн үнэлж болшгүй эд болохыг Украины талаас мэдээлсэн байна. Мөн Египетийн ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нар Жилл Байденд бугуйвч, энгэрийн тэмдэг, гэрэл зургийн цомог бэлэглэсэн нь 4510 долларын үнэтэй аж. Мөн тэргүүн хатагтайгаас дутахааргүй үнэтэй бэлгийг Жо Байден хүлээн авсны дотор Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн бэлэг багтаж байна. Манайх 3495 долларын үнэ хүрэх монгол дайчдын баримал өгсөн нь үнээрээ Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сок Ёлийн өгсөн 7100 долларын үнэтэй дурсгалын зургийн цомгийн ард оржээ. Харин Бруней улсын султан Жо Байденд 3300 долларын мөнгөн аяга, Израилын ерөнхийлөгч 3160 долларын мөнгөн цар өгчээ. Холбооны хуулийн дагуу эдгээр бэлгийг Цагаан ордны үзүүлэнд тавих, эсвэл Үндэсний архивд шилжүүлдэг байна. Одоогоор Н.Модигийн бэлэглэсэн алмаз Цагаан ордны зүүн жигүүрт байгаа бол бусад бэлгийг Үндэсний архивдаа шилжүүлсэн аж. Гэхдээ Жилл Байдены хэвлэлийн төлөөлөгч Ванесса Валдивиа "Жо Байдены гэр бүл Цагаан ордныг орхиход алмазыг Үндэсний архивд шилжүүлнэ" гэж мэдэгдсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.