Нарансэвстэй боомтыг эсэргүүцсэн 33 мянган хүний гарын үсэг бүрджээ
Чихэнд чимэгтэй
2025-01-06
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрөөс Говь-Алтай аймгийн Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээхийг эсэргүүцсэн өргөдлийг иргэд өнгөрсөн оны 12 дугаар сарын 12-ноос энэ сарын 11-нийг хүртэл petition.parlament.mn сайтад байршуулсан билээ. Тэгвэл уг өргөдөлд өчигдрийн байдлаар 33 мянга гаруй хүн цахим гарын үсэг зурж, эрх бүхий албан тушаалтнууд анхаарал хандуулж, ажлын хэсэг байгуулахыг дэмжсэн саналын тоо хугацаанаасаа өмнө гүйцлээ. Орон нутгийн иргэд, байгаль хамгаалагчдын зүгээс говийн их дархан цаазат бүс нутагт зам тавьж, боомт нээх нь тус газрын нэн ховор, ховор амьтан, ургамлын амьдрах орчин доройтож, говийн эмзэг хөрс хөндөгдөж, шар шороон шуурга нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм. Түүнчлэн, нэн эмзэг говийн экосистемд гүний ус ашиглан зам байгуулах нь булаг шанд, баян бүрд ширгэх аюултай хэмээн иргэд эсэргүүцлийн хөдөлгөөнийг эхлүүлээд байгаа ажээ. Харин Засгийн газраас Нарансэвстэйн боомтод бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажлыг эхлүүлэн дахин нээснээр Монголд эдийн засгийн ач холбогдолтой хэмээгээд 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгаад байсан юм. Дашрамд дурдахад, Нарансэвстэй боомт нь Дархан цаазат газрын А хэсэгт хамаарах бөгөөд 1992-1993 онуудад дөрвөн удаа нээж ажиллуулаад, 1998, 2002 онуудад УИХ, ЗГ-аас боомт нээвэл байгаль орчинд сөрөг нөлөө ихтэй, нөгөө талаар эдийн засгийн болон бусад давуу тал, онцгой ач холбогдолгүй хэмээн дүгнэж, нээх асуудлыг дэмжээгүй ажээ. Говийн их дархан цаазат газар нь 1991 онд НҮБ-ын ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн шийдвэрээр Олон улсын шим мандлын нөөц газарт бүртгэгдсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.