images

Нэгнийхээ эсрэг буу шагайсан ч дотно нөхөрлөсөн япон, филиппин цэргийн түүх

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-01-08


   Дэлхийн II дайны үед Филиппинд алба хааж байсан Японы эзэн хааны армийн дэслэгч Огава Торүд филиппин цэргээс илгээсэн зурвас олдсон нь олны сонирхлыг татаад байна. Учир нь, тухайн үед хоёр улс дайсан байсан ч цэргүүд хоорондоо дотно нөхөрлөжээ. Японы Чиба муж дахь О.Торүгийн гэрийн гэрэл зургийн цомог доторх 12 филиппин цэргийн зургийн ард "Палаван мужийн Пуэрто Принсеса хот, 1946 оны 12 дугаар сарын 15" гэж тэмдэглэсэн зурвас байх аж. Зурвасыг “Миний найз Огава сан” хэмээн эхлүүлээд “Цөмийн зэвсгийн энэ эринд үүрд найзууд байцгаая” гээд филиппин цэрэг нэрээ “Чиний найз Педро Гомэс” гэж бичсэн байна. Япон цэрэг О.Торү нь 1918 онд фермерчний ууган хүү болж мэндлээд 1938 онд цэрэгт элсэж Манжуурт алба хаажээ. Тэрбээр 1942 онд цэргээс халагдсан ч 1944 онд дахин татагдаж, тухайн оныхоо наймдугаар сард Филиппины Палаван арал руу мордсон байна. Энэ тухай бичиж үлдээсэн дурсамжид нь өгүүлснээр бол 1945 оны хоёрдугаар сард АНУ-ын цэргүүд Филиппинд буухад О.Торүгийн салаа ширэнгэн ой руу ухарчээ. Тэрбээр арван хүнтэй салаа удирдаж явсан бөгөөд цэргүүд нь хумхаа өвчин, өлсгөлөнгийн улмаас үхсэнээр ганцаараа амьд үлдсэн байна. Улмаар ганцаараа үлдээд зугатаж явсан түүнийг нутгийн партизанууд хажуу талаас нь буудаж шархдуулаад Филлипины армийн цэргийн цагдаад хүлээлгэж өгчээ. Ийнхүү О.Торүг Пуэрто Принсеса хотын цэргийн цагдаагийн хуаранд саатуулсан байна. Мөн дурсамжид өгүүлснээр, 1946 оны 12 дугаар сарын 25-нд япон, филиппин цэргүүд хамтдаа Зул сарын баяр тэмдэглэж, япончууд жүдо, кэндогийн үзүүлбэр, бүжиг үзүүлсэн гэнэ. Гэвч энэ баярын дараа түүнийг Манила хотод шилжүүлж, хойтон жил нь Японд буцаажээ. Түүний хоёр дахь хүү Хирошигийн хэлснээр аав нь дайны тухай ярих дургүй ч Филиппинд дахин очих хүсэлтэйгээ ярьсан аж. Гэвч тэр мөрөөдлөө биелүүлж чадалгүй 1984 онд 67 настайдаа таалал төгсжээ.

   Дэлхийн II дайны Ази, Номхон далай дахь тулааныг Япон улс 1941 оны 12 дугаар сард эхлүүлсэн юм. Улмаар тухайн жилдээ Филиппиныг эзэлсэн бол 1945 онд алджээ. Уг дайны хөлд Филиппин улс 57 мянга, Япон улс 2 сая гаруй цэргээ алдсан байна.

Эх сурвалж: "Mainichi" сонин.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.