Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчөөр монгол үндэстэн томилогдов
Анд нөхдийн мэдээ
2025-01-08
Хятадын Гадаад хэргийн яамны шинэ хэвлэлийн төлөөлөгчөөр 44 настай, монгол үндэстэн Гуо Жякун томилогдлоо. Тэрбээр тус яамны 35 дахь хэвлэлийн төлөөлөгч болж байгаа бөгөөд ажлаа өнгөрөгч даваа гарагт эхлүүлж анхны хэвлэлийн бага хурлаа зохион байгуулав. Гуо Жякун Нанкай их сургуулийг төгссөн, Коммунист намын гишүүн юм. Өнгөрсөн хугацаанд тэрбээр НҮБ дэх Хятадын байнгын төлөөлөгчийн газрын гуравдугаар нарийн бичгийн дарга, Гадаад хэргийн яамны Африкийн газрын дөрөвдүгээр хэлтсийн орлогч дарга, мөн яамны Бодлого төлөвлөлтийн газрын захирал байжээ. Хятадын Гадаад хэргийн яам анх 1983 онд хэвлэлийн төлөөлөгчийн системтэй болсон бөгөөд ажлын өдөр бүр хэвлэлийн хурал хийдэг цорын ганц яам ажээ. Өнгөрсөн 42 жилийн хугацаанд ажилласан 34 хэвлэлийн төлөөлөгч нь тус улсын дипломат бодлого, зарчим, ойлголтыг тайлбарласаар ирсэн юм. Гуо Жякун анхны хэвлэлийн бага хурал дээрээ "Reuters", "Yonhap", "Yomiuri", AFP, CCTV, "China Daily" зэрэг гадаад, дотоодын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийн асуултад хариулсан байна.
Хятадын Гадаад хэргийн яамны чухал албанд өмнө нь ч монгол үндэстэн томилогдож байсан удаатай. Хөххотод 1953 онд төрсөн монгол үндэстэн Фү Инь 2009-2013 онд Гадаад хэргийн дэд сайдаар ажиллаж байв. Хатагтай Фү Инь өмнө нь Филиппин, Австрали, Их Британид Элчин сайдаар сууж байсан бөгөөд 2013-2019 он хүртэл Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Гадаад харилцаа эрхэлсэн тусгай хорооны дарга, дэд даргаар ажиллаж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.