Засгийн газраас “Vivant” кинонд хоёр тэрбум төгрөгийг буцаан олгов
Чихэнд чимэгтэй
2025-01-09
Японы TBS телевизийн “Vivant” олон ангит киноны хоёр ангийг Монголд бүтээхэд зарцуулсан мөнгөний тодорхой хувь буюу хоёр тэрбум төгрөгийг буцааж олгосныг Кино урлагийн зөвлөлөөс мэдээллээ. Нийт 10 ангитай уг киноны зарим үзэгдлийн зургийг Улаанбаатар хот, Дархан-Уул, Өмнөговь, Хэнтий, Дундговь аймагт хоёр сар гаруйн хугацаанд авсан бөгөөд Монголоос жүжигчин Б.Барслхагва, Х.Цасчихэр, Г.Эрхэмбаяр, Х.Нандин-Эрдэнэ нар дүр бүтээсэн юм. Мөн Монголын “Номадиа пикчерз” компани зураг авалтад оролцож, кино зураг авалтын зохицуулагч, координатораар “Ваёо Эйрт” компани ажилласан байна. Тэгвэл “Ваёо Эйрт” компани 2023 оны дөрөвдүгээр сард буцаан олголт авах албан ёсны хүсэлтээ Кино урлагийн зөвлөлд ирүүлжээ. Улмаар Кино урлагийн зөвлөлийн санал, дүгнэлтэд үндэслэн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам тус кинонд ийм хэмжээний мөнгийг буцаан олгохоор шийдвэрлэсэн байна. Кино урлагийг дэмжих тухай хуульд “Монгол улсын нутаг дэвсгэрт гадаадын хуулийн этгээд дангаараа болон Монгол улсын хуулийн этгээдтэй хамтран олон улсад түгээх зорилгоор кино бүтээх тохиолдолд зардлын тодорхой хувийг буцаан олгоно” хэмээн заасан байдаг. “Vivant” кино өнгөрсөн оны 7-9 дүгээр сард Японы TBS телевизээр гарч, 18 оронд нээлтээ хийгээд байгаа бөгөөд "Нэтфликс"-т байршжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.