АНУ-ын ерөнхийлөгч асан Жимми Картерыг өнөөдөр оршуулна
Анд нөхдийн мэдээ
2025-01-09
АНУ-ын 39 дэх ерөнхийлөгч Жимми Картер 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 100 насандаа таалал төгссөн билээ. Түүний хөдөөлүүлэх ёслолыг Цагаан ордонд үйлдэх болсон бөгөөд шарилыг өчигдөр төрөлх Жоржиа мужаас нь авчран Вашингтон хотод залжээ. Улмаар Конгрессын ордонд байрлуулж Сенат, Төлөөлөгчдийн танхим, Засгийн газрын гишүүд, гадаад орнуудын Элчин сайд нар салах ёс хийсний дотор АНУ-д суугаа Монголын Элчин сайд Ө.Батбаяр мөн багтав. АНУ-ын цагаар өнөөдрийн 7 цагт Үндэсний сүмд оршуулгын ёсыг эхлүүлж, төрийн далбааг бөхийлгөх бөгөөд эл өдрийг Ж.Картерын дурсгалд хүндэтгэл үзүүлэх Үндэсний гашуудлын өдөр болгоно. Энэ өдөр Засгийн газар, түүний харьяа яам, агентлаг болон шүүх, архив, шуудан үйлчилгээ, сургууль, томоохон хөрөнгийн биржүүд ажиллахгүй. Харин батлан хамгаалах, аюулгүй байдал, нийтийн эрүүл мэндийн салбарынхан хэвийн ажиллах аж. Төрийн далбааг 30 өдрийн турш хагас бөхийлгөх юм. АНУ ерөнхийлөгчдөө хүндэтгэл үзүүлэх гашуудлын өдрийг 1826 онд үүсгэж, орчин үеийн уламжлалыг нь 1969 онд бий болгожээ. Сонирхуулахад, Ж.Картер Монголд 2001 оны есдүгээр сард анх айлчилснаас гадна 2013 оны есдүгээр сард гэргийн хамт хүрэлцэн ирж хөдөө нутгаар аялж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.