Гүйлтийн цаначин Б.Ачбадрах Өмнөд Солонгосын хошой аварга боллоо
Чихэнд чимэгтэй
2025-01-09
Өмнөд Солонгосын Пёнчан хотод тус улсын насанд хүрэгчдийн аварга шалгаруулах гүйлтийн цанын 79 дэх удаагийн нээлттэй тэмцээн болж байна. Тэмцээнд Монгол улсын шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор манай долоон тамирчин өрсөлдсөнөөс Б.Ачбадрах хоёр төрөлд тэргүүн байр эзлэв. Тэрбээр энэ сарын 7-нд эрэгтэйчүүдийн сонгомол 15 км-ын зайг 46:07.9 минутад, 8-нд тэшилтийн 30 км-ын зайг 1:19.05 цагт туулж хоёр алтан медаль хүртсэн байна. Б.Ачбадрах 2024 онд болсон Өмнөд Солонгосын УАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн удаатай. Мөн гүйлтийн цанын Б зэрэглэлийн ДАШТ-ээс Монголын анхны медалийг 2017 онд хүртэж байсан юм. Тэрбээр ирэх сарын 7-нд Хятадын Хармөрөн мужийн Харбин хотноо эхлэх Азийн өвлийн спортын наадамд оролцохоор бэлтгэлээ базааж байгаа юм. Харин Өмнөд Солонгост түүнтэй хамт тэмцээнд оролцсон О.Золбаяр, А.Хүслэн, Б.Номин-Эрдэнэ нар энэ сарын 13-нд эхлэх Дэлхийн оюутны өвлийн спортын наадамд оролцохоор Италийн Турин хотод очоод байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.