Италийн ерөнхий сайд шоргоолжин дээр гишгэдэг үү?
Анд нөхдийн мэдээ
2025-01-13
Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони өнгөрсөн 9-ний өдөр жилийн эцсийн хэвлэлийн бага хурал хийх үеэр нэгэн сэтгүүлч ер бусын сонин асуулт асууж олны анхаарлыг татав. Тус улсын "Vista News” сайтын ерөнхий редактор, сэтгүүлч Александр Жахнагиев "Ерөнхий сайд аа, та шоргоолжин дээр гишгэдэг үү? Алхаж явахдаа зам дээр шоргоолж байгаа эсэхийг хардаг уу? Шоргоолж гишгэвэл бороо орно гэж эмээ минь надад байнга хэлдэг байсан юм" хэмээн асуусан байна. Хэвлэлийн хуралд оролцсон сэтгүүлчид ч энэ асуултад эхлээд гайхаж, дараа нь инээлдсэн байна. Харин ерөнхий сайд асуултыг сонсоод хэсэг зуур бодлогоширч, бас инээж байснаа "Харин ээ, сайн мэдэхгүй байна. Би шоргоолж гишгэдэг юм болов уу? Нүдэнд харагдвал гишгэхгүй байхыг хичээдэг. Гэхдээ байнга газар ширтэж шоргоолж харж явах аргагүй шүү дээ” гэснээ “Би зөв хариулсан уу? Би үнэндээ юу гэж хариулахаа мэдэхгүй байна. Цаашид анхаарч явъя” хэмээн хариулжээ. Асуулт асуусан сэтгүүлч нь Болгарт төрсөн, ер бусын сонин асуултаараа үргэлж олны анхаарлыг татдаг нэгэн гэж “Corriere della Sera” сонин мэдээлсэн байна. Тэрбээр мөн 2022 оны арванхоёрдугаар сарын 29-нд болсон ерөнхий сайд Ж.Мелонигийн анхны хэвлэлийн бага хурал дээр "Таны цаг хугацаа шугаман шулуун уу, эсвэл эргэх мөчлөгтэй юу?” гэж байжээ. Италийн хэвлэлүүд сэтгүүлчийн асуултыг янз бүрээр тайлбарлаж байна. Зарим хэвлэл шоргоолжийг “ард түмэн”, бороог “удирдагчийн уналт" гэж тайлбарлан, ард түмнийг дарангуйлах гэж оролдсон удирдагч эрх мэдлээ удаан хадгалж чадахгүй гэжээ. А.Жахнагиев нь сэтгүүлч төдийгүй зураач, уран барималч, 100 гаруй бие даасан үзэсгэлэн гаргасан олон талын авьяастан гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.