images

Олон хүүхэд төрүүлсэн эмэгтэй урт насалдаг уу?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-01-13


   Хятадын нэгэн их сургуулийн профессор олон хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүд илүү урт насалдаг тухай ярьсан үг олны анхаарал татаж байна. Хонконгийн “South China Morning Post” сонины мэдээлснээр ӨМӨЗО-ы нэгэн их сургуулийн багш лекц унших үеэрээ "10 хүүхэд төрүүлсэн эмэгтэй 100 хүртэл насалдаг" гэжээ. Улмаар "Олон хүүхэд төрүүлэх тусам бурхны ивээлд багтаж, илүү урт насалдаг. Харин хүүхэд төрүүлэхээс татгалздаг, зөвхөн ажил мэргэжилдээ хамгаа зориулдаг эмэгтэйчүүд ихэвчлэн богино настай байдаг" гээд 8-10 хүүхэд төрүүлсэн хөдөө нутгийн эмэгтэйчүүд өвчин эмгэг ч тусалгүй 90-100 насалж байгаа тухай ярьсан байна. Профессор аль их сургуульд ажилладаг талаар мэдээлээгүй ч SCMP сонин түүнийг багшлахын зэрэгцээ улсын эмнэлэгт эмчээр ажиллаж, жилд 300 мянган юанийн цалин авдаг гэжээ. Түүний хэлсэн үг цахим ертөнцөөр хурдацтай тархаж, хүмүүс байр сууриа янз бүрээр илэрхийлж байна. Ихэнх эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх нь асар их хариуцлага шаарддаг, өсгөж хүмүүжүүлэхэд чамгүй их мөнгө ордог тухай өгүүлжээ. Сүүлийн жилүүдэд Хятадад хүн амын тоо, төрөлт огцом буурч байна. 2023 оны байдлаар төрөлтийн түвшин (эмэгтэй хүн идэвхтэй насандаа төрүүлэх хүүхдийн дундаж тоо) 1.0 байсан нь маш бага үзүүлэлт юм. Засгийн газраас энэ асуудалд онцгойлон анхаарч, хүүхэд төрүүлсэн гэр бүлд бэлэн мөнгө олгох, татвар хөнгөлөх зэрэг төрөл бүрийн бодлого хэрэгжүүлж байгаа ч үр дүнд төдийлэн хүрэхгүй байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.