images

Украинд олзлогдсон Хойд Солонгосын цэргийг байцаасан бичлэг нийтлэгджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-01-13


   Украины ерөнхийлөгч Владимир Зеленский өчигдөр “Telegram” хуудсаараа дамжуулан, саяхан олзлогдсон Хойд Солонгосын хоёр цэргийг байцааж буй бичлэгийг нийтэлжээ. Овог нэрийг нь зарлаагүй 20, 26 настай хоёр цэрэг эмнэлгийн орон дээрээс Украины Аюулгүй байдлын албаны ажилтнуудын асуултад орчуулагчаар дамжуулан хариулсан байна. Тэд нараас хаана ирээд байгаа, яагаад дайнд оролцох болсон, гэр бүлтэй эсэх, хэзээ фронтод ирсэн, Хойд Солонгос руу буцах хүсэлтэй эсэх зэрэг асуулт асуужээ. Асуултад нэг цэрэг "Хаана ирээд байгаагаа мэдэхгүй" гээд анх Орост ирэхдээ Украинтай байлдах биш цэрэг дайны бэлтгэл хийхээр ирсэн тухайгаа өгүүлжээ. Өөр нэг цэрэг гэр бүлтэй эсэхийг нь асуухад толгой дохиж, гэртээ харимаар байгаагаа хэлсэн байна. Харин нөгөө цэрэг нь эх орон руугаа буцах бодолтой байгаа эсэхийг асуухад "Украинчууд бүгд сайн хүмүүс үү?” хэмээн хариу асууж, орчуулагч нь “Тийм ээ, украинчууд сайн хүмүүс” гэхэд “Намайг нутаг буц гэвэл буцна. Гэхдээ энд үлдэж амьдармаар байна” гэж хариулжээ. Тэдний хооронд ийм яриа өрнөсөн байна.

Орчуулагч: Одоо хаана байгаагаа мэдэж байна уу?

Нэгдүгээр цэрэг: (нүдээ анивчаад толгой сэгсрэв)

Орчуулагч: Та одоо Украинд байна. Украины эсрэг байлдаж байгаагаа мэдэж байна уу?

Цэрэг: (Толгой сэгсрэв)

Орчуулагч: Та мэдээгүй юм уу?

Цэрэг: (толгой дохив)

Орчуулагч: Танай дарга удирдлагууд та нарт юу гэж хэлсэн бэ? Хэнтэй байлдана гэсэн бэ?

Цэрэг: Жинхэнэ тулаан шиг цэргийн бэлтгэл хийнэ гэсэн.

Орчуулагч: Хойд Солонгост гэр бүл бий юу?

Хоёрдугаар цэрэг: (толгой дохив)

Орчуулагч: Таныг одоо хаана байгааг эцэг эх тань мэдэж байгаа юу?

Цэрэг: (Толгой сэгсрэв)

Орчуулагч: Тэгэхээр та нэгдүгээр сарын 3-наас эхлээд фронтод байлдсан гэсэн үг үү?

Нэгдүгээр цэрэг: (толгой дохив)

Орчуулагч: Тэгвэл нэгдүгээр сарын 3-наас баригдах хүртлээ фронтод байсан байх нь ээ?

Нэгдүгээр цэрэг: Нэгдүгээр сарын 3-нд дайнд ороод дэргэдэх нөхдөө үхэхийг хараад би бункерт нуугдаж байгаад шархадсан.

Орчуулагч: Та нутаг буцмаар байна уу?

Хоёрдугаар цэрэг: (толгой дохив)

Нэгдүгээр цэрэг: (хэсэг зуур бодов) Украины ард түмэн бүгд сайхан сэтгэлтэй юу?

Орчуулагч: Танд украинчууд таалагдаж байна уу?

Нэгдүгээр цэрэг: (Хэсэг бодсоны эцэст) Би энд амьдармаар байна.

Орчуулагч: Энд Украин нөхөд, бас би байна. Хэрэв та тэдэнтэй ярилцвал өөрийг чинь энд үлдээхийн тулд чадах бүхнээ хийх болно. Эрүүл байх ёстой шүү. Хоол ундаа сайн идэж эрүүл байгаарай. Би ойр ойрхон ирнэ.

Нэгдүгээр цэрэг: Та нар намайг гэртээ харихыг зөвшөөрөхгүй биз дээ?

Орчуулагч: Гэртээ юу? Та гэртээ харимаар байна уу?

Нэгдүгээр цэрэг: Намайг яв гэвэл би явна...

Орчуулагч: Украинд үлд гэвэл үлдэх үү?

Нэгдүгээр цэрэг: (толгой дохив)

Эх сурвалж: “Chosun Ilbo” сонин

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.