images

Монголчууд өвлийн спортын наадамд анх удаа кёрлингийн төрлөөр өрсөлдөнө

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-01-13


   Хятадын Хармөрөн мужийн Харбин хотноо удахгүй эхлэх ес дэх удаагийн Азийн өвлийн спортын наадмын цана, тэшүүр, биатлон болон кёрлингийн төрөлд нийт 36 монгол тамирчин оролцохоор бэлтгэж байна. Энэ удаагийн наадамд манай улсаас анх удаа кёрлингийн спортын хоёр тамирчин оролцох гэж байна. Монгол улсад эрэгтэй, эмэгтэй нийлсэн 15 тамирчин уг спортоор тогтмол хичээллэж байгаагаас С.Баяр, Г.Энхзаяа нар Харбины наадмыг зорих юм. Монголын кёрлингийн холбоо 2019 оноос идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд манай тамирчид 2022 оны 10 сард Финланд улсад зохиогдсон өсвөрийн ДАШТ-д бүтэн багаараа хүч сорьж байжээ. Мөн 2024 оны наймдугаар сард Норвегийн Лиллехаммер хотноо болсон Залуучуудын кёрлингийн цугларалтад дөрвөн тамирчин, нэг дасгалжуулагч оролцож байв. Кёрлинг (curling) нь 16 дугаар зууны эхэн үед Шотландад үүссэн бөгөөд боржин чулуугаар мөсөн талбайд тоглодог багийн спорт юм. Багууд ээлжлэн  боржин чулууг 45 метр орчим зайнд байрлах тусгай тойрог руу чиглүүлж өрсөлддөг. Ингэхдээ тус бүр дөрвөн гишүүнтэй хоёр багийн гишүүн тус бүр нэг ээлжинд найман чулуу түлхэн нэг үеийн эцэст талбайн төв цэгт чулуугаа үлдээж чадсан баг нь оноо авах зарчмаар 10 үеийн туршид тоглодог. Улмаар төгсгөлд нь илүү олон оноо авсан баг ялагчаар тодордог дүрэмтэй. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.