images

Холливүүдийн одод түймрийн гамшигт нэрвэгдэгсдэд туслах аян өрнүүлж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-01-14


   АНУ-ын баруун бүсийн хамгийн том, Холливүүдийн өлгий нутаг Лос Анжелес хотод их хэмжээний түймэр дэгдэж хохирлын хэмжээ нэмэгдсээр байгаа энэ үед дуучин, жүжигчин зэрэг алдартай хүмүүс тусламжийн аян өрнүүлээд байна. Дуучин Бэйонсэ түймрээс ихээхэн хохирол амссан хүмүүст тусламж болгон 2,5 сая доллар хандивлажээ. 2013 онд түүний үүсгэн байгуулсан BeyGOOD буяны сан Instagram хуудсаараа дамжуулан энэ тухай мэдэгдэв. Тус сангийн албаны хүн “Түймрийн гамшгийн улмаас гэр оронгүй болсон Алтадена, Пасадена хотын иргэд болон хохирогчдод сүм, олон нийтийн байгууллагаар дамжуулан энэ мөнгийг зарцуулна” гэж мэдэгдсэн байна. Номхон далайн эргийн Пасифик Палисэйдс дүүргийн оршин суугчид голдуу Холливүүдийн одод тэргүүтэй чинээлэг хүмүүс байдаг бол Лос Анжелес тойргийн зүүн хэсгийн Алтадена, Пасадена хотуудад голдуу энгийн иргэд оршин суудаг аж. Жүжигчин Анжелина Жоли мөн түймэрт нэрвэгдсэн газар биеэр очиж, тусламжийн аянд оролцож байгаа тухай "People" сэтгүүл мэдээлжээ. Тэрбээр орон гэргүй болсон зарим хүмүүсийг гэртээ түр байлгаж байгаа аж. Түүнээс гадна жүжигчин Жэйми Ли Куртис түймрийн гамшигт нэрвэгсдэд нэг сая доллар хандивласан бол жүжигчин Шарон Стоун хувцас, гутал, цүнх гэх мэт зүйлсийг тусламж болгон илгээжээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр “Walt Disney” компани 15 сая доллар хандивлахаа мэдэгдсэн байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.